1. Насанд хүрсний баярыг улс даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг.
Япончууд Сэйжиншики(成人式) гэсэн нэгэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Үүнийг “18 насанд хүрсний баяр” гэж бас ойлгож болно. Насанд хүрч нийгмийн бүхий л харилцаанд ороход өөрийгөө төлөөлөх чадвартай бас хариуцлагатай байх ёстой болсон гэсэн үг. Япончууд энэхүү арга хэмжээг “хүний амьдралын туршид 1 удаа тохиох зүйл” хэмээн үзэж өндөр ач холбогдол өгдөг. Охид залуус үндэсний кимоногоо өмсөхөөс гадна орчин цагийн ганган хувцаслалтыг сонгох нь бий. Энэхүү насанд хүрсний баярын арга хэмжээг Япон улс даяар 1 өдөр зэрэг хийдэг. Гол төлөв муж хотын захиргаа нь зохион байгуулдаг системтэй.
2. Охидын баярт өндөр үнэ бүхий хүүхэлдэйн чимэглэл хэрэглэдэг.
Япончууд охидынхоо эрүүл энх өсөн торниж буйг бэлгэдэн жил бүрийн 3.3нд “Хина мацүри” гэдэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Японы уламжлалт хувцаслалт бүхий хүүхэлдэйг тусгай тавиур дээр залж гэрийнхээ хананд тавьдаг. Энэ баярыг хийснээр охид эрүүл чийрэг өсөж бойжихыг бэлгэддэг уламжлалтай. Японд эдгээр хүүхэлдэйг аав ээжээсээ өвлөн жил бүрийн 3.3нд гаргаж чимэглэх айл өрхүүд ч бий. Эдгээр хүүхэлдэй нь уран гоё хийц загвартай тул маш өндөр үнэтэй байдаг. Хина хүүхэлдэйг бүхэл бүтэн цогцоор нь авья гэвэл үнийн хувьд 200,000-1,000,000 иэний хооронд байдаг.
3. Валентины баяраар эрчүүддээ бүсгүйчүүд нь шоколад өгдөг.
Жил бүрийн 2.14-ний өдөр дэлхий нийтээр “Гэгээн Валентины өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг соёлтой. Дэлхийн ихэнх улс орнуудад “хосуудын өдөр” болгон тэмдэглэдэг ёсон бий. Харин Японд бүсгүйчүүд эрчүүддээ шоколад өгөх нь энгийн соёлын нэг хэсэг юм. Энэ соёл зөвхөн Японд л байдаг байж магадгүй! Японы дунд сургуулийн охид, их сургуулийн эмэгтэй оюутнууд, компанид ажилладаг бүсгүйчүүд эрчүүддээ шоколад бэлэглэдэг. Энэ соёл нь Япон улсад “дэлхийн 2-р дайны дараа үүссэн” хэмээн үздэг байна.
4. Тогоруу шувуу аз хийморийн бэлгэ тэмдэг
Япончууд эрт дээр үеэс тогоруу шувууг урт нас, хөгжин цэцэглэлт, аз хийморийн бэлгэ тэмдэг болгон үзсээр ирсэн байна. Тиймээс Японы үлгэр домог, хууч ярианд тогоруу шувууны тухай их гардаг. Харин Европын улс орнуудад тогоруу шувууг “үхэл дагуулагч шувуу” хэмээн үзэж холуур тойрч өнгөрдөг гэнэ.
5. Хичээлийн шинэ жил 4 сард эхэлнэ.
Японы хичээлийн шинэ жил нь 4 сард болдог бөгөөд сакура цэцэглэх үетэй давхцдаг. Япончуудын хувьд 4 сард хичээлийн шинэ жил эхлэх нь нэг гайхах зүйл биш. Харин гадны орнуудад 4 сард хичээлийн шинэ жил эхлүүлдэг улс бараг байхгүй гэхэд хилсдэхгүй! Дэлхийн ихэнх улс орнуудад хичээлийн шинэ жил 9 сард эхэлдэг. Жишээ нь: Орос, Монгол, Америк, Франц гэх мэт.
6. Хоолоо чимээ ихтэй иддэг.
Япончууд хоол идэхдээ чимээ гарган иддэг онцлогтой хүмүүс. Ялангуяа рамен гэх мэт гоймонтой хоолны гоймонг хүчтэй сорон иддэг. Харин гадаадын хүмүүст энэхүү идэх соёл нь сонин хачирхалтай санагддаг. Учир нь дэлхийн ихэнх улс орнуудад “хоолыг чимээ гаргалгүй идэх ёстой” гэсэн соёл давамгайлдаг.
7. Японы хоолны газруудад үнэгүй ус, нойтон алчуур өгдөг.
Японы бүх ресторан зоогийн газруудад ус болон гарын нойтон алчуурыг зочдод үнэгүй өгөх нь үйлчилгээний нэг хэсэг, соёл болтлоо хөгжсөн байдаг. Харин гадаад улс орнуудад зоогийн газарт ирсэн зочин үйлчлүүлэгч нартаа цэвэр усыг мөнгөөр худалдаалах нь энгийн үзэгдэл. Япончуудын энэхүү ус болон нойтон алчуураар үнэгүй үйлчлэх систем нь “Омотэнаши” гэх уламжлалт үйлчилгээний соёлтой холбоотой хэмээн үзэх нь бий.
8. Нэг үндэстэн нэг хэл соёл
Дэлхийн улс орнуудын дотор 1 улс мөртлөө олон янзын үндэстэн ястнаас бүрэлдэж, өөр өөр хэл соёлтой улсууд байдаг. Тухайлбал БНХАУ гэхэд 57 үндэстэн ястнаас бүрэлдсэн гэгддэг бөгөөд эдгээр 57 үндэстэн нь өөрсдийн хэл соёлтой байдаг. Тэгвэл Японы 125 сая хүн 1 үндэстэн гэгддэг ба зөвхөн Япон хэлээр ярилцаж ойлголцдог. Япон улсаар аялж буй зарим гадаад иргэдийн хувьд 1 улс 1 хэл соёлтой гэдэг нь сонирхол татдаг гэнэ шүү!
А.Галбадрах
Эх сурвалж: japanguide.mn