Хувь хүнээс бие хүн болж төлөвших явдал өнөөдрийн нийгэмд маш чухал эрдэм гэдгийг нийгэм, сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд онцолдог. Бие хүнийг хувийн сэтгэл зүйн өвөрөмц онцлог бүхий, хүрээлэн буй орчиндоо хандах хандлагаа ухамсарласан, нийгмийн харилцааны объект ба субьект гэж сэтгэл судлалын ухаанд тодорхойлдог. Боловсрол олгож хүмүүжүүлэх замаар бие хүн төлөвшинө.
Товчхондоо төлөвшсөн бие хүн гэдэг олны дунд өөрийгөө соёлтой, ёс зүйтэй аваад явчихдаг. Хэлэх үг, хийх үйлдлээ цэгнэдэг. Энэ нь өөрөө хүний заяагдмал нэр төр, алдар хүндтэй шууд холбогддог. Ёс зүй, ёс суртахуунтай ч холбон тайлбарлаж болох юм. Ялангуяа нийтээрээ сошиал сүлжээний хараат болсон өнөө үед монгол хүний, залуу үеийн төлөвшил ямар хэмжээнд явааг тод томруунаар харуулдаг болжээ.
Сүүлийн жишээ гэхэд, нэгэн бүсгүй гэртээ эзэгтэй хүнийхээ үүргийг хэрхэн яаж гүйцэтгэдэг талаар ярьсан бичлэг фэйсбүүкт түгж, олны анхааралд өртөв. Бичлэгийг харсан хүмүүс өөр өөрийн өнцгөөр тайлбарлан зарим нь магтаж, зарим нь шүүмжилсээр байна. Анхаарал татсан нэг зүйл нь олны өмнө үг хэлээ цэгнэх, гэр бүлийн орчин нөхцөл, харилцаанаас юуг дэлгэж, юуг үлдээж болох тухай ойлголт, хандлага заримд маань ямар их алсарч, ховордоо вэ гэдэг асуулт урган гарч ирэх аж. Төлөвшил гэдэг зүйл ерөөсөө л энэ.
Зөвхөн энэ кейсээр тогтохгүй олон нийтийн сүлжээнд аж амьдралаа дэлгэдэг явдал манайд хавтгай болчихсон. Хосууд сайндаж муудахаас эхлээд салах хүртлээ бүхий л үг, үйлдлээ уралдан ярьдаг жишиг ч бий болчихлоо. Эдгээр үйлдлүүд нэг ёсондоо тэднийг төлөвшөөгүй хүмүүс гэдгийг харуулж байдаг.
Төлөвшөөгүй хүмүүс нийгэмд хортой. Тэд гэр доторх хувь хүнийхээ зан харилцааг ямар ч цензургүйгээр ил гаргаж, нийгэмд шууд болон шууд бусаар сөрөг нөлөөллийг бий болгож байдаг. Тиймээс нийтийн бие хүний төлөвшил, ёс суртахуунд санаа тавих цаг хугацаа хэдийнэ ирж, хаалга цохьж эхэлжээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Б.Энхзаяа