Швед улсын Засгийн газар гэрчилгээн дээрх хүйсээ сольж болох доод нас 18 байсныг 16 болгож, мэс ажилбараар хүйс солиулах шаардлагыг хөнгөвчлөх хууль баталсан байна. Тус улс нь 1972 онд хүйсээ солиулах асуудлыг хуульдаа тусгасан анхны орон болсон юм. Харин дээрх шинэ хуулийн зохицуулалт маргаантай байгаа аж.
Тодруулбал зарим нь насны тоог бууруулж, хүйс солиулах шаардлагыг хөнгөвчилснөөр том өөрчлөлт бий болгоно гэж үзсэн ч зарим нь илүү их судалгаа хэрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл хуулийн төсөл санаачилсан улс төрчдийн хэлснээр ихэнх швед иргэнд энэ хууль ямар ч хамааралгүй мэт боловч трансжендер хүмүүст маш том өөрчлөлт авчрах хууль аж.
Одоогийн хуулиар хэрэв иргэн эмчийн бичгээр баталгаажсан “хүйсийн дисфори” гэсэн оноштой бол мэс ажилбараар хүйсээ солиулах боломжтой байдаг. “Хүйсийн дисфори” гэдэг хүний төрөлх хүйс нь өөрөө өөрийгөө тодорхойлж буй хүйстэй нь нийцэхгүй байхыг хэлнэ.
Харин 2025 оны долоодугаар сараас эхлэн хэрэгжих шинэ хуулийн дагуу онош тодорхойлуулах шаардлагагүй буюу эмч эсвэл сэтгэлзүйчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөсөө зөвшөөрөл авсан л бол хүйсээ сольж болох гэнэ. Мэс ажилбараар хүйсээ солих доод нас 18 хэвээр байх юм.
Эх сурвалж: ВВС