“Making the band” шоу гурав дахиа үргэлжилж байгаа. Анхны шоуны шалгаруулалтыг “UP” music продашнтай хамтран 25-р суваг телевизийн байранд цомхон явуулж таван охидыг хамтлаг болгож авсан. Гэвч явц дундаа нэг охиноо хасаж, уйлуулж хайлуулчихаад дараа нь цоо шинэ хүн хамтлагтаа авсан. Тэрхүү шинэ гишүүн нь хамтлагийн продюссер Чукагийн танил юм гэсэн. Гэхдээ гитар тоглодог, дажгүй сайн дуулдаг нь авууштай. Ийнхүү таван охины бүрэлдэхүүнтэй “Анимоне” хамтлаг хоёр, гурван дуу гаргасныхаа эцэст дахин нэг гишүүнээ хассан. Хамгийн сайн дуулдаг гэгддэг СУИС-ийн оюутан Ооноог “турж чадахгүй байна” хэмээн хассан гэх яриа байсан ч Япон руу сургуульд сурахаар явсан гэх албан ёсны мэдээ байгаа. Одоо “Анимоне” хамтлаг дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ хийж байгаа бөгөөд шинэ цомгийнхоо ажилд орсон гэсэн.
Хоёр дахь удаагийн шоу сүртэйхэн шиг эхэлж, есөн охиныг шалгаруулж авсан. Уг нь найман охинтой хамтлаг байгуулах байсан ч Хонгороо гэгч сэтгэл хөдлөлтэй охин тэнцсэн гэх мэдээ сонсож баярласандаа ухаан алдаж, тайзан дээр гарах цагтаа гараагүй гээд хасагдах шахсан. Байх ёстой цагтаа байсангүй хэмээн дараагийн охиныг оруулахад бас л Хонгороо гэдэг нэртэй охин байсан нь гайхалтай. Хэдий үндсэн найман гишүүний тоонд орж чадаагүй ч азтай байдлаар нэмэгдэж чадсан “Шар үст” Хонгороо одоо Extasy хамтлагийн лидер болж яваа. Хүн ухаан алдах хүртлээ баярлачихаад байхад хасаж гомдоохгүй гэсэндээ хамтлагийн бүрэлдэхүүнийг есөн гишүүнтэй болгосон юм. Эхнээсээ л хасалт, нэмэлттэйгээр эхэлж байсан хоёр дахь шоу ямар ч байсан нэг хүнээ хасна гэдгийг шоуны эхнээс л нэмэгдсэн. Энэхүү хасалтад хоёр Хонгороогийн нэг нь биш, Төгсөө гэгч охин хасагдсан юм. Одоо тэрхүү Төгсөө Making the band-3 шоуны шилдэг оролцогч болоод байгаа юм.
Ингээд найман охин үлдэж, шоу дуустал хамтдаа явсан. Гэтэл дууссаны дараа тааварлашгүй хасалт явуулж гуравхан охин үлдээсэн. Харин дээр нь ёс юм шиг дахиад л гаднаас нэг гишүүн нэмж авсан юм. Одоо Extasy дөрвөн гишүүнтэй. Үзэгчид үүнд нь сэтгэл хангалуун байгаа бололтой. Наймуулаа байхаар хонь хурга нийлж байгаа юм шиг болдог, тиймээс цөөхөн байсан нь дээр гэж үзэж байгаа.
Гурав дахь удаагийн “Making the band” шоу өмнөхөөсөө их онцлогтой. Хоёр ч охидын хамтлагийг гаргаж ирээд байсан уг шоу маань энэ удаад охид, хөвгүүдийн холимог хамтлаг гаргаж ирсэн. Нэвтрүүлэг нь одоо ч 25-р суваг телевизээр нэвтэрч байгаа бөгөөд удахгүй анхныхаа тайзан дээр гарах гээд бэлтгэлээ хийж буй. Гурван эрэгтэй, гурван эмэгтэй гишүүнтэй уг хамтлагийг “Mixx” гэж нэрлээд одоогоор хоёр дуу гаргачихаад байна. Шоуны эхлэлээс гишүүн хасагдсан ч одоо бол хасахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин шоу дууссаны дараа өмнөх хоёр хамтлаг шиг “Арын хаалга”-ны гишүүн авах болов уу яах бол.
М.Ариунсувд
Эх сурвалж: www.mminfo.mn