240 сая хүн амтай ОХУ-аас монгол хүү тодрон манлайлж, эстрадын од болон гялалзахад монголчууд бид бахархаж байсан цаг саяхан. ОХУ-ын өнцөг булан бүрээс оролцсон наадамд 30 мянган хөвгүүд, охидын дундаас монгол хүү түрүүлж, “Премьер министр” хамтлагийн гоцлол дуучин болсон юм. Тэгвэл тэр хүү өнөөдөр төрсөн гэртээ ирж, элэг нэгтнүүддээ уран бүтээлээ тайлагнав.
ОХУ-ын гавьяат дуучин, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын СТА, дуучин Б.Амархүү өчигдөр үдэш “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд “Гэртээ хүрэх зам” нэртэй анхны бие даасан тоглолтоо толилуулсан юм. Түүний тоглолтоос Б.Амархүү ямар авъяастай хийгээд Европын шоу ертөнцийн чиг хандлага, ОХУ-д ямар уран бүтээл туурвиж буйг нь мэдэхийн зэрэгцээ Монголдоо юу хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгааг нь олж харав.
Б.Амархүү тоглолтоо нэрлэсэн шинэ дуундаа
“Гэртээ харих зам минь
Дэндүү хол…” хэмээн дуулсан. Энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн нь учиртай.
Үнэндээ Б.Амархүүг ОХУ, тэр тусмаа Буриадын ард түмэн хайрладаг, хүндэлдэг. Тэр ч утгаараа ОХУ-ын гавъяат дуучин, Буриад улсын ардын жүжигчин цол хүртсэн. Харин төрөлх эх орондоо бол тэр СТА.
Мэдээж, шагнал урамшууллаар тухайн дуучныг үнэлэх нь өрөөсгөл. Харин Б.Амархүүгийн тоглолтоос түүнийг хэчнээн хөдөлмөрч болохыг нь мэдэрсэн юм. Б.Амархүү тоглолтдоо шоу гэдэг утгыг оруулж чаджээ. Эхлээд тэр ганцаараа тайзнаа гарч ирж дуулсан, дараа нь “Зэрлэг сувд” хамтлагийн орос бүжигчид. “Шилмэл загвар”-ын бүсгүйчүүдийн үзүүлбэр. Мөн орчин үеийн бүжиг, ятга, морин хуур, циркийн үзүүлбэр гээд бүгдийг тоглолтдоо цогцлоож чадсан байна. Тэр өөрөө ч сайн бүжиглэдэг. Б.Амархүүг бага байхад нь хүмүүс “Яасан хөөрхөн охин бэ” гэдэг байсныг тэр дурссан. Үнэхээр бүсгүй хүн шиг уян налархай хөдөлгөөнөөр бүжиглэсэн юм.
Ингээд “Гэртээ харих зам”-ын тайзнаа “Татар ажиллагаа-2” өрнөв. Банк дээрэмддэг бүлэг этгээд болох Тайванаа, Коля, Гялбаа, Тулгаа гээд дөрвөн залуугийн тоглолт үзэгчдийг хөгжөөгөөд авлаа. Мөн киноны дууг үзэгчид даган дуулж байв. Бас “Univers best songs” уралдааны дуунд үзэгчид харамгүй алга ташилт өгсөн.
Үнэхээр Б.Амархүү өөрийнхөө чаддаг бүхнийг энэ тоглолтоороо харууллаа. “Улаанбаатар палас”-ын концертын танхимд нисч, үсэрч, акробат эргэж үзүүлэв.
Гэхдээ түүний тоглолтын эхний өдрийн тасалбар хангалтгүй борлогдсон сураг чих дэлссэн. Өнөөдөр тэр дахин тоглоно.
Түүний тоглолтын оргил нь хайртай хүмүүсээ танилцуулах агшин байв. Б.Амархүү ээждээ баглаа цэцэг өргөн барьж, найз бүсгүйтэйгээ хамтран дууллаа. Түүний найз бүсгүй О.Ариунзул 20 настай, загвар өмсөгч. Тэд “Big fish” уран сайхны кинонд хамтран тоглож, бие биедээ сэтгэлтэй болжээ.
ОХУ-д бол гавъяат дуучин мөн Буриад Улсад бол Ардын жүжигчин, төрөлх Монголдоо бол СТА цолтой Б.Амархүүгийн анхны бие даасан тоглолтыг тоймлон хүргэхэд ийм байна. Түүний “Гэртээ ирэх зам” гэрэлтэй бөгөөд дардан байг.