“Тарган цатгалан”, “баян чинээлэг” гэдэг үгсийг ер нь ихэнх зохиол бүтээлд хоршин хэрэглэдэг. Энэ бол уран бүтээлчдийн гаргасан зохиомол зүйл ч байж болох. Гэвч эрдэмтдийн үзсэнээр генийн хувьд тарган хүн туранхайчуудаас илүү аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх магадлалтай гэнэ.
Лиза Райли гэгч бүсгүй олны өмнө гарч ирж, Британийн “Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноос хойш энэ асуудал яригдаж эхэлсэн юм. Тэрбээр махлаг эмэгтэйчүүдийн дундаас бардам гэгчээр олны өмнө гарч ирж, өөртөө “Илүү их аз жаргалтай охин” гэдэг гуншин хайрласан. Лиза Райли биеийн харьцаагаа өөрт нь яг тохирсон гэж үздэг.
Түүнчлэн Санта-Клаус, өвлийн өвөө гээд зохиомол дүрүүд бүгд л тарган хэрнээ баяр баясгалантай, эелдэг зантай байдаг шүү дээ.
Канадын Макмастерийн эрдэм шинжилгээ, судалгааны их сургуулийн эрдэмтэд хүний таргалах хандлагыг хариуцдаг ген буюу FTO ген нь аз жаргал, баяр баясгалангийн мэдрэмжийг ч давхар хариуцдаг болохыг олж тогтоожээ.
FTO бол таргалахад нөлөөлдөг генийн гол хүчин зүйл. Гэхдээ энэ ген нь сэтгэл гутралд орох магадлалыг найман хувиар бууруулах шидтэй аж.
Макмастерийн их сургуулийн шинжээчид таргалалт, сэтгэл гутрал хоорондоо шууд холбоотой эсэхийг судалжээ. Тэд Хүн амын эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс явуулсан “EpiDREAM” судалгааны төсөлтэй хамтран өвчтөнүүдийн ген, сэтгэл зүйг судлахад бодсоноос ч өөр хариулт гарчээ.
Судалгаанд 21 орны өвчтөнүүдийн ДНК-ийн 17.2 мянган дээжийг хамруулсан байна. Гэтэл FTO ген буюу таргалах гентэй нь илэрсэн хүмүүс сэтгэл гутралд харин ч бага орж байжээ. Энэ үр дүнг дахин гурван судалгаагаар баталсан юм.
Макмастерийн их сургуулийн профессор Дэвид Мейр “Бид уг нь судалгаагаа өөр чиглэлээр явуулж, таргалалт, сэтгэл гутрал хоёр тархины үйл ажиллагаатай холбоотой гэдгийг тогтоох гэж оролдсон.
Хүнийг таргалуулдаг ген нь сэтгэл гутрал нэмэгдэхтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж эхэндээ таамаглаж байлаа. Найман хувийн ялгаа нь өчүүхэн зүйл. Үүгээр өвчтөнүүдийг эмчлэхэд нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ бид сэтгэл гутрал үүсдэг шалтгааныг молекулын түвшинд олж нээсэн. Хүнийг таргалуулдаг FTO ген нь биеийн жингээс үл хамааран сэтгэл гутралаас хамгаалдаг” гэжээ.
Теле од Лиза Райли саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа биеийн галбиртаа сэтгэл хангалуун байдаг, өөрийгөө аз жаргалтай нэгэн гэж боддогоо ярьсан байна.
Тэрбээр “Бүх хүн л туранхай байхыг илүүд үздэг байх. Харин би тийм биш. Надад яг одоогийнх шигээ байх нь таалагддаг. Би өөртөө сэтгэл хангалуун байдаг гэж хүмүүст хэлэхээр итгэдэггүй. Ер нь би яахаараа бусадтай адилхан байх ёстой гэж. Хүмүүс “Энэ бүсгүй ингэж ярьж байгаа ч дотроо үнэхээр турах хүсэлтэй байгаа даа” хэмээн боддог биз” гэжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”