Чоно болон сармагчны дунд өссен хүүхдүүдийн тухай хачирхалтай түүх байдаг шүү дээ. Чонон дунд өссен Маугли, сармагчингууд дунд өссөн Тарзан гээд үнэхээр л тийм явдал болсон юм шиг бодит түүх зөндөө байдаг. Тэгвэл ийм түүх үнэн эсэхийг батлах гэсэн нэгэн гэр бүл эцэстээ их л гунигтай байдалд оржээ.
1931 онд Уинтроп болон Люлла Келлог гэх Америкийн биологич гэр бүл ер бусын туршилт хийсэн байна. Тэд сармагчингууд дунд өсч торнисон Тарзаны түүхээс болж сармагчны дунд хүүхэд өсгөж үзье хэмээн шийджээ. Мэдээж тэдний туршилтанд орох хүүхэд олдоогүй байна. Тиймээс бяцхан хүү Доналдыгаа аван Суматра арал дээр очиж, орангутангуудтай байлгаж үздэг юм уу гэж шийдсэнээ нэгдүгээрт мөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан хоёрдугаарт арай л зориг нь хүрээгүй учир больж харин сармагчны моншийг хүүтэйгээ хамт өсгөж үзье гэж шийджээ.
Ингээд Йелийн их сургуулийн эрдэмтэдэд хандан шимпанзе сармагчны зулзагыг авчээ. Тэр үед монш долоон сартай, Доналд хүү 10 сартай байсан байна. Үүнээс өмнө Оросын судлаач Надежда Ладыгина нэг орчим настай шимпанзег хүүхэд шиг өсгөн хүмүүжүүлэх гэсэн боловч гурван жил оролдоод сармагчин хэзээ ч хүн шиг болохгүй юм байна, энэ санаа “бүтэхгүй юм байна гэж үзээд больсоныг Келлогийнхон сайн мэдэж байжээ.
Гэхдээ Ладыгина хүүхдийн оролцоогүйгээр туршилтаа явуулсан учир Келлогийнхон хүүхэд, сармагчны монш хоёрыг хамт байлгавал амжилтад хүрнэ гэсэн найдлага тавьж байсан аж. Ингээд сармагчны моншид Гуа хэмээх нэр өгч, тэр ч шинэ гэр бүлдээ дасч, Доналдтай адилхан хүмүүжих болжээ. Тэд бие биедээ хачин сайн байсан бөгөед бүр салгахын аргагүй найзууд болсон байна. Харин энэ үед эхнэр нөхөр хоёр эрдэмтэн туршилтын явцыг нэг бүрчлэн бичиж тэмдэглэж байлаа. Гэхдээ туршилт үргэлжлэн нөгөө хоёр томрох тусам их л таагүй шинж ажиглагдаж эхэлсэн байна.
Таазнаас утас унжуулан жигнэмэг дүүжлээд хэн нь түрүүлж авах нь вэ хэмээн туршиж үзэхэд сармагчны зулзага түрүүлж сэтгээд авсан аж. Үүний дараа хүү, сармагчин хоерын нүдииг боогоод нэрээр нь дуудан дуу гарч байгаа зүгийг хэн нь сайн мэдрэх нь вэ гэж шалгатал бас л сармагчны зулзага хүүгээс илүү байжээ. Мөн Гуа үргэлж хоёр хөл дээрээ явж, халбагаар хоол идэж, хүний хэл яриаг жаахан ч гэсэн ойлгодог болсон бол Дональд хүү ой долоон сартай болсон хойиоо ч ойр зуур ярьж чадахгүй, гуравхан л үг ойлгож байжээ. Бас хүү юм идмээр байгаагаа сармагчин шиг илэрхийлдэг болсон нь эцэг, эхийг нь айлгасан учир амьтантай хамт байснаар хүүхэд хүн дүрсээ алддаг юм байна гэж үзэн туршилтаа зогсоон Гуаг судалгааны төв рүү буцаасан гэдэг.
ЭЛДЭВ ЯВДАЛ