Солонгос кино үзсэн Монгол охид, бүсгүйчүүд солонгос залуутай гэрлэхийн хүслэн болж байсан үе бий. Одоо ч нэг хэсэг нь ийм бодолтой явдаг байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн солонгос ч биш, гадаад эртэй дэр нэгтгэх хүсэлтэй Монгол эмэгтэйчүүд нэг хэсэг олширсон.
Тиймдээ ч сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын, ялангуяа БНСУ-ын иргэнтэй гэрлэж байгаа эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай болжээ.
2009 онд манай 533 иргэн гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлснээс 358 нь, 2010 онд 479 иргэн гэр бүл болсны 287 нь, 2011 онд 391 хүн гэрлэснээс 230 нь БНСУ-ын иргэнтэй нэг гэрт орсон байна. Хүйсийн хувьд 98 хувь нь эмэгтэй, хоёр хувь нь эрэгтэй. Эдгээр хүмүүсийн олонх нь гэр бүл зуучлалын байгууллага, танил, найз нөхдөөрөө дамжуулан харийн орны иргэнтэй гэр бүл болдог. Ар гэрийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхээр гаднын орныг зорих залуусын цуваа уртсах нь манай нийгмийн амьдралд сайн, саар олон зүйл авчирч байгаа.
Энэ оны байдлаар БНСУ-д 30 мянга давчихаад байгаа эрүүл чийрэг, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насны залуусын маань олонх нь ардаа амьдралтай, эхнэртэй, нүдээ бүлтийтэл хүлээх үр хүүхэдтэй. Монголдоо ажиллаад өндөр цалин авах боломж нөхцөл хязгаарлагдмал учраас гадаад руу гардаг тэд эргэж ирэх нь бага байна. Ирсэн ч нутаг таа идээшихгүй ахиад л ирсэн газар руугаа буцах хүсэл тээдэг. Бас цаанаа эхнэртэй, хүүхэдтэй болчихсон хүн нэлээд байдаг гэсэн.
“Манай эрчүүд БНСУ-д байхдаа голдуу солонгос эмэгтэйтэй, эсвэл тэнд хөдөлмөр эрхэлж буй өөр орны хүнтэй төдийгүй нутаг нэгтэнтэйгээ ч гэрлэх юм уу хамтран амьдардаг. Тэгээд энд хүлээн суугаа гэр бүлээ мартахад хүрдгийг гэр бүл болгоноос нэг нь БНСУ-д амьдарч, ажилладаг манайхан надаар хэлүүлэхгүй мэднэ. Энэ нь манай эмэгтэйчүүдийн гадаадын иргэнтэй гэрлэх гол шалтгаан болж байгаа” гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Н.Баярмаа хэллээ.
Харин гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор Т.Намжил “Амьдралынхаа ханийг яаран сонгож байгаа нь манай манай залуучуудын том алдаа болж байна. Бараг өчигдөр танилцаад, өнөөдөр гэрлэнэ гэх болж. Яаран гэрлэж байгаагийн уршгаар нэг нэгнээ ойлгохгүйд хүрч, амархан салдаг. Гэр бүл болоход тулгарч байгаа бас нэг асуудал бол хоёр хүний нийгмийн ялгаа. Боловсрол, эдийн засаг ч юм уу. Манайхаар бол баян, хоосны ялгаа гэж ярьдаг. Эдийн засгийн талаар давуу эрх эдэлж байгаа хүн нөгөө хүндээ дарамт үзүүлдэг. Тэгээд гэр бүлийн дотор тэгш биш харилцаа үүсч байгаа юм. Гадаадад хүнтэй гэрлэхээр очиж байгаа хүний хувьд ийм ялгаа хамгийн түрүүнд гарна. Тэгээд болж бүтэх гүй болохоороо сална. Зарим нь зугтаж ирэх гэх мэтийн олон хэцүү асуу дал дагуулдаг. Гэхдээ салалт зөвхөн гадаадад ч биш, Монголд ч нэмэгдэж байна. Нууц амраг, хамтран амьдрагч олширлоо” гэв.
Манайх гадагшаа залуу, эрүүл чийрэг залуусыг сорчлон гаргачихаар эх оронд маань ажиллах хүчний дутагдал үүсч, гаднаас авахад хүрээд байгаа нь нууц биш. Өөрийн орны бага цалинтай, орчин нөхцөл муутай ажлаа голж, харийн нутгийн хийлийн дээсийг алхсан манайхны тоо өсөхтэй зэрэгцэн, гаднын ялангуяа БНХАУ-ын иргэд өдөрт хэдэн арваараа ирж байна гэж захын хүн хэлнэ.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсад 103 орны гадаадын 22284 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа ажээ. Эдгээрийн 70 хувь нь БНХАУ, найман хувь нь БНАСАУ, гурван хувь нь ОХУ, БНСУ, БНСВУ, АНУ, Австрали улсын иргэд тус бүр хоёр хувийг эзэлж буй ажээ. Тэдний ажиллаж буй гол салбар нь барилга, уул уурхай олборлох үйлдвэрлэл. Энэ бол ердөө албан ёсны тоо. Үүний цаана хууль бусаар хэчнээн хүн оршин сууж байгааг мэдэхгүй.
Гэр бүл зохиож, амьдралаа босгох насны залуус гадагшаа гарч, оронд нь бусад орны ажилчид ирж манай эмэгтэйчүүд тэдэнтэй гэр бүл болж байгаа нь манай хүн амын бүтцийг алдагдуулах, цаашдаа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхгүй гэх газаргүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын Бүртгэл мэдээллийн хэл тэс 1998 оноос хойш гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Нийт 80 гаруй орны иргэдтэй манайхан гэрлээд буй бөгөөд үүний 95 хувь нь эмэгтэйчүүд аж. Гаднын иргэдтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүдийн олонх нь нөхрийнхөө талаарх мэдээллийг зуучлагч байгууллага, хувь хүмүүсээс авсан байдаг бөгөөд тухайн мэдээлэл бодит эсэх нь эргэлзээтэй. Гэсэн ч гаднын иргэдтэй гэр бүл болохыг хүссэн эмэгтэйчүүд сайхан амлалт, зураг зэрэг бодит бус мэдээлэлд хууртан гэр бүл болж байгаа тэднийг нэг ёсны хохирогч гэж үзэхэд болно. Гэр бүл зуучлагчид нь эмэгтэйчүүдэд ямар нэгэн асуудал тулгарвал хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн эмэгтэй эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд хохирсоор байх атал түүнийг нь хариуцах эзэн байдаггүй.
Гэр бүл зуучлалын асуудлыг одоог хүртэл хуулиар зохицуулаагүй бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар гэр бүл зуучлалын асуудлыг зөвшөөрдөггүй. Тиймээс манайд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүл зуучлалын байгууллагууд албан ёсны зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар байна.
Мөн БНСУ-ын иргэнтэй гэрлэх нь хамгийн олон байгаатай холбоотойгоор гэр бүл цуцлах нь бусад орноос харьцангуй өндөр. 2009 онд 60 иргэн гэрлэлтээ цуцлуулснаас 41, 2010 онд 99 хүнээс 78, 2011 онд 79 хүнээс 55 нь БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн хүмүүс байжээ. Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллага 2008 оноос эхлэн БНСУ-ын Жендерийн тэгш эрх, гэр бүлийн яам, тус улс дахь НҮБ-ын Хүний эрхийг хангах бодлогын төв болон манай улсын холбогдох байгууллагуудтай хамтран БНСУ-ын иргэдтэй гэрлэхээр тус улсын Элчин сайдын яаманд хандсан эмэгтэйчүүдийн дунд сургалт зохион байгуулж байжээ. Сургалт эхэлсэн 2008 оноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэлх хуга цаанд нийт 972 эмэгтэй хамрагдсан байна. Энэхүү сургалтаараа тухайн улсын соёл, зан заншил, гаднын иргэдтэй гэрлэхэд тулгардаг асуудал зэрэг мэдээллийг хүргэсэн байна. “Сургалтын үр дүнд зуучлагчдын өгсөн бодит бус мэдээлэлд хууртагдан явах гэж байсан зарим эмэгтэй гэрлэхээс татгалзсан. БНСУ-д очсоныхоо дараа ямар нэгэн асуудал тулгарвал хаана, хэнд хандахаа мэддэг болсон. Мөн шилжин суурьшиж байгаа хүн бүрт шаардлагатай хууль тогтоомж, тухайн улсын талаар мэдээлэл авах боломж бүрдсэн учраас нэлээд үр дүнтэй байсан”-ыг мэргэжилтэн Н.Баярмаа нэмж хэллээ.
2009 оны дөрөвдүгээр сараас арванхоёр дугаар сар хүртэлх хугацаанд БНСУ-ын бэр болж буй эмэгтэйчүүдэд зориулсан сургалтад хамрагдахаар 263 эмэгтэй хүсэлт гаргажээ. Үүнээс 38 хувь нь 18-25 насны, 28.5 хувь нь 26-30 насны анх удаа гэрлэж байгаа бүсгүйчүүд байсан аж. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн олонх нь нөхрийнхөө талаар байтугай тухайн улсынхаа талаар ойлголтгүй байжээ. Гэтэл очсоны дараа зуучлагчдын ярьж байснаас огт өөр орчин угтахад сэтгэлээр унаж, зугтах, эсвэл тэндээ тэвчин үлдэхээс өөр арга зам байдаггүй гэсэн. Үүнээс гадна зөвхөн гэрлэлтийн төлөө бус тухайн улсдаа очиж өндөр цалинтай ажил хийхийн тулд хуурамчаар гэрлэх хэрэг ч гардаг аж.
Гэр бүл судлаач Л.Нарантуяа “Манайх ид гэр бүл зохиох насны эрчүүдээ хэдэн мянгаар нь гадны улс руу ажиллах хүч болгоод гаргачихдаг. Үүний үр дүнд монгол эмэгтэйчүүд гаднын хүнтэй гэрлэх нь нэмэгдсэн. Харийнхан ажиллах хүч авахдаа 30 хүртэлх насны, эрүүл мэндийн хувьд асуудалгүй зэрэг олон шалгуур тавиад шилж авдаг. Энэ нь цаашдаа даамжирвал Монголд залуучууд цөөрөх аюулд ч хүрнэ. Ингээд залуучууд гүй болчихоор эмэгтэйчүүд өөр үндэстэнтэй гэрлэхээс аргагүй. Ялан гуяа БНСУ-ын иргэнтэй. Солонгост эцгийн эрхт ёсыг дээдэлдэг. Эмэгтэй хүн гэрийн ажлаа хийгээд, хүүхдээ асраад байж байх үүрэгтэй. Гэтэл манай эмэгтэйчүүд огт өөр сэтгэлгээтэй, бие даасан байдаг. Эрх чөлөөнд дуртай. Өнөөгийн байдлаас харсан ч эмэгтэйчүүд л нийгмийг авч явж байх жишээтэй. Ямар ч хүн эхнэрээ өөрийн хүссэнээрээ л байлгахыг хүснэ. Дээр нь эх орондоо байгаа хүн соёл, ёс заншлаараа эхнэрээ удирдана гэсэн үг. Бас нэг зүйл нь гаднаас огт танихгүй гадаад эмэгтэй зуучлалаар авч сууна гэдэг ямар нэг асуудалтайн шинж. Гэрийн ажил нь их, асрах өндөр настай аав, ээжтэй, тийм л хүн байна” гэлээ.
Улс орон хөгжихийн үндэс нь хүн ам. Үүний үндэс нь гэр бүл. БНСУ бол олон соёлт гэр бүлийг дэмждэг улс. Олон соёлт гэр бүлийг дэмждэг гэдэг нь хуулиараа бусад орны хүмүүстэй зуучлалаар гэр бүл болохыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Вьетнам, хятад, Монгол хүмүүстэй гэр бүл болох нь түгээмэл. Үүнийг нь ч хуулиар зөвшөөрсөн. Нөгөө талаар БНСУ хүн ам олонтой. Харин үүнтэй харьцуулахад манайх хүн ам цөөн, хэдхэн хүн гадагшаа гарахад, эсвэл гаднын хүнтэй гэрлэхэд үндэсний аюулгүй байдлын асуудал ч үүсэж болохоор жижиг улс. Монгол ёс заншил уламжлалд ч харийн хүнтэй гэрлэхийг дэмждэггүй. Тийм учраас гэр бүлийн асуудлыг олон талаас нь авч үзэх шаардлагатай боллоо. Энэ асуудалтай холбоотойгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамнаас ирэх онд Гэр бүлийн тухай хуулийг шинэчилж өөрчлөхөөр ажиллаж байгаа ажээ.
2007-2011 онд гадаадын иргэдтэй гэрлэсэн Монголчуудын тоо:
1.БНСУ – 4336
2.Япон – 383
3.БНХАУ – 309
4.Герман – 272
5.АНУ – 213
6.ОХУ – 187
7.Их Британи – 124
8.Бусад – 724
НИЙТ – 6548
Ч.Мөнхзул
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН