Шинэ оны босгон дээр эцэг эхийн хайр халамжийг амсаж чадаагүй бяцхан хүүхдүүдийн баярыг хуваалцаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран хүүхэд асран хүмүүжүүлэх төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдэд шинэ жилийн бэлгийг нь гардуулан өгсөн юм. Баянзүрх дүүргийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй асрамжийн газар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс 7 төвийг сонгон авч 470 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулсан юм.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Батцогт нар асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцаж тэдгээр хүүхдүүдэд ээжийх нь оронд ээж, эцгийх нь оронд эцэг нь болж цаг наргүй ажиллаж байдаг багш сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож цаашид дүүргийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байгаа арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ дуулгасан. Энэ үеэр хүүхдүүд өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоор дүүргийн удирдлагуудад бэлэг барьсан юм. Мөн энэ ажлын хүрээнд тус дүүргийн 28 хороодын эмзэг бүлгийн 4000 хүүхдэд энэхүү бэлэг очих юм. Бяцхан хүүхдүүдийн баяр дээр баяр нэмсэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
WWW.MISS.MN