МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюунтай Монгол Улсын өнөө жилийн эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.
– Эдийн засагч, тэр тусмаа эрдмийн их өргөөнд оюутнуудад энэ чиглэлийн хичээл зааж мэдлэг оюун түгээдэг багшийн хувьд манай улсын 2013 оны эдийн засаг ямар өнгө төрхтэй харагдаж байна вэ?
– Эдийн засгийн хувьд нэлээд хөдөлгөөнтэй, бужигнаантай бас их мөнгөний хүлээлттэй, гэгээлэг жил байх болов уу гэсэн дүр зураг харагдаж байна.
-Яагаад?
-Уул уурхайгаас их хэмжээний мөнгө орж ирэхээр боллоо. Зайлшгүй шаардлагатай салбарт ялангуяа боловсрол, эрүүл мэнд, цаашлаад жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд энэ их мөнгийг зарцуулах хэрэгтэй.
Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд хөрөнгө нэхнэ. Тэдгээрт зүй зохистой зориулбал эдийн засаг маань суга өснө. Гэхдээ нэг аюултай зүйл бий.
– Сөрөг тал гэсэн үг үү?
-Тийм. Мөнгөнд үрэлгэн хандахгүйн тулд маш их хяналт хэрэгтэй. Түрийвч нимгэн бол хямгадаж гамтай зарцуулдаг. Харин түнтийгээд ирэхээр ийш тийшээ хамаагүй цацаад цамаан загнаад гарынхаа салаагаар савируулаад дуусгадаг шүү дээ. Үүнд л төр, засаг маань онцгой анхаарч, урт болон дунд хугацааны эдийн засгийн салбарт байршуулж, оновчтой зөв хэрэглэж чадвал Монгол Улс өөдлөн дэвжих ирээдүй гэрэлтэй харагдаж байна.
– Төр, засгийн бодлого зөв эсэхтэй уялдаад ард түмний амьдрал ч сайжрах нь мэдээж биз дээ?
-Эдийн засаг хөгжихөөр ажлын байр нэмэгддэг. Тэр хэмжээгээр ажилгүйчүүдийн тоо багасдаг. Гэхдээ орлого нэмэгдээд ирэхээр захиран зарцуулах хэмжээ өсдөг сөрөг талтай. Иргэн бүрт 21000 төгрөгний тэтгэлэг олгодог байсан үе шиг баар, караоке, рестораны орлогыг нэмдэг байдлаар асуудалд хандах юм бол онцгой өөрчлөлт гарахгүй. Хэрвээ тогтмол орлоготой болоод хэрэглээндээ зөв зарцуулж чадвал амьжиргааны төвшин сайжрах хүлээлт 2013 оны дундаас хойш тодруулбал сүүлчээр гарч ирнэ. Гэхдээ нэг зүйлд санаа их зовж байна.
-Чухам юунд юм бол?
-Хүмүүсийн зах зээлийн сэтгэлгээнд. Бэлэнчлэх, төр, засгийн гарыг харах байдлаасаа зарим хүн гараагүй байна. Ийм байдлаас яаралтай гарахгүй бол хэчнээн мөнгө олоод амжилт олохгүй. Хөгшчүүд хэлдэг дээ, “ёроол нь цоорхой уут шиг” гэж. Нөгөөтэйгүүр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого явуулахгүй бол Монголын мөнгө гадагшаа урсана. Үүнийг хаасан бодлого шийдвэр зайлшгүй чухал. Хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнээ монголчууд өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ нь бүрэлдэж тогтох бололцоотой боловч урт удаан хугацаа шаардана. Гэхдээ бодлого бол хугацааг түргэсгэдэг чухал ач холбогдолтой зүйл.
-Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Гэвч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Ингэхээр яах ёстой вэ?
-Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ жинхэнэ нүдээ олж байна. Тухайлбал, арьс, ширийг дотоодын үйлдвэрүүддээ тушаавал урамшуулал олгохоор боллоо. Энэ нь үндэсний үйлдвэрүүдийг бүтээгдэхүүнээр хангаж хөгжүүлэх нэг том алхам. Өмнө нь ийм арга хэмжээ авч байгаагүй. Иймд улс орноо хөгжүүлэхэд нэлээд гэрэл гэгээтэй зүйл олон харагдаад байгаа юм. Үүний цаана малчин ардын амьдрал дээшилж мөнгөний эх үүсвэртэй болох, малаа өсгөх сонирхолтой болох, үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна ганц нэгээрээ үйлдвэрлэл эрхлээд Монгол Улс хурдацтай хөгжихгүй.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэсэн мөртлөө яагаад ингэж хэлж байгаа юм бэ?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хоёр чухал урсгал байдаг.
-Ямар урсгал?
-Импорт болон экспортод чиглэсэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх урсгал юм. Экспортод чиглэсэн нь маш их ирээдүйтэй. Гэхдээ үүнд анхаарах чухал зүйл бий. Дэлхий нийтийн стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Стандарт гэж юу байдаг юм, орц найрлага нь ямар хэмжээтэй байх ёстой вэ гэдгийг зааж өгөхгүй бол дангаараа үйлдвэрлэнэ гэвэл ирээдүй муутай болно. Аливаа зүйлийг туйлшруулж болохгүй. Импортод чиглэсэн бүтээгдэхүүнээ ч үйлдвэрлэх хэрэгтэй.
-Та яриандаа, ганц нэгээрээ үйлдвэрлэл эрхлээд үр дүн муутай гэж хэлсэн. Үүнийгээ тодруулбал?
-Үйлдвэрлэл эрхлэгчид хоршиж ажиллах хэрэгтэй. Ингэвэл маш их амжилт олно. Гэхдээ хэд хэдэн хүн хамтарч ажиллана гэж явцуу хүрээнд ойлгож болохгүй. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн парк гэж цогц хүрээнд авч үзэх хэрэгтэй. ХАА эрхлэгч нь түүхий эдээ бэлтгэдэг, үйлдвэрлэгч нь боловсруулдаг, бэлэн болгодог, тэр нь дэлхийн стандартад нийцсэн байвал манай улсын хөгжлийн ирээдүй гэрэлтэй тод харагдах болно.
-Хоршиж байна гэж хэсэг нөхөд нэгдчихээд улсаас мөнгө нэхээд байх мөртлөө үйлдвэрлэлдээ биш өөр зүйлд зарцуулаад дампуурсан нэрээр үүдээ барьдаг тохиолдол цөөнгүй гардаг. Ийм гашуун туршлага гарахгүй гэх баталгаа байна уу?
-Сургалт, сурталчилгааг сайн явуулах хэрэгтэй. Түүнээс гадна стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд түүнийг нь борлуулах зах зээлийг олоход төр, засаг анхаарах нь чухал.
-Ямар хэлбэрээр анхаарвал илүү үр дүнд хүрэх бол?
-Маш энгийн жишээ байж болно. Нэгдсэн журмаар үзэсгэлэн гаргаж болно. Олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг төрийн бус байгууллагууд бүтээгдэхүүний дээжээс нь гадагшаа гаргаж сурталчидаг, гэрээ хэлцлийг нь хийх зэрэг маш олон арга зам бий. Мэдээллийн техник хурдацтай хөгжиж байгаа энэ үед интернэт худалдаа гэж маш чухал зүйл бизнес эрхлэгчдэд боломж, ашиг тусаа өгч байна. Энэ боломжийг ашиглаад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөлөө олтол нь улсаас харж үзэж, зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд борлуулалтдаа санаа зовохгүй явбал мөнгөний эргэлт хурдсана. Өндөр хөгжилтэй орнууд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн оролцоо зайлшгүй чухал гэдгийг олон жишээгээр харуулж байна.
-Засгийн газар, Монгол банкнаас ч бонд гаргаад зарцуулаад байдаг. Үүнийгээ зөв зарцуулж чадаж байна уу? Энэ нь эргээд бизнес эрхлэгчид ялангуяа ард түмний амьдралд сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Зөв зарцуулж чадахгүй байна. Бондыг яг л зориулсан зүйлдээ л зарцуулах хэрэгтэй. Жишээлбэл, “100000 айлын орон сууц барина” гэсэн бол эхлээд санхүүжүүлээд дараа нь зараад олсон орлогоо хүүтэй нь буцаагаад авах хэрэгтэй. Орлого бүтээх зүйлд зориулах хэрэгтэй гэсэн үг. Хэрэглээнд огт зарцуулж болохгүй. Хэрэглээ бол орлого, нэмүү өртөг бүтээдэггүй. Орлого бүтээх юу байна вэ? тэр зүйлийг л санхүүжүүлэх ёстой. Ингэвэл бондын өрөнд ордоггүй. Ингээгүй тохиолдолд хөгжлийн замынхаа өмнө том хана юм уу, гүнзгий нүх ухчихдаг алдаа бий. Ялимгүй алдаанаас болоод бондын зээл, хүүний дарамтад өртөх аюултай.
-Бонд гэж юуг хэлээд байгааг зарим хүн ойлгодоггүй. Үүнийг товчхон тайлбарлаач гэвэл?
-Шуудхан хэлэхэд, зээлийн хэлбэр гэсэн үг. Зээл авсан мөнгөөрөө төсөл санхүүжүүлж байгаа юм. Хөрөнгө оруулалтын бонд орлого олсон цагаасаа төлөгдөж эхлэх ёстой. Манайхан зээл, өр хоёрыг нэг утгаар ойлгож холбоо үгээр хэлдэг. Энэ буруу. Өр гэдэг бол өөр санхүүгийн харилцааг илэрхийлдэг. Гэрээний нөхцөлд заасан хугацаанд төлөгдөхгүй байгаа тохиолдолд өр болдог. Зээл нь санхүүгийн өргөжиж хөгжиж, тэлж байгаа харилцааг илэрхийлдэг ялгаатай. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Хоёулаа албаны ярианаасаа жаахан хөндийрч амины яриа руу хазаймаар санагдлаа. Таныг олон жил мэргэжлээрээ тасралтгүй ажилласан мэргэшсэн багш гэж сонссон юм байна. Төлөвлөгөөт эдийн засгийн үеэс зах зээлийн эдийн засаг руу шилжих үед хичээл заахад хүндрэлтэй байсан уу?
-Би Ленинград буюу одоогийн Санктпетрбургийн Улсын их сургуулийг эдийн засагч болон улс төр, эдийн засгийн онолын багш мэргэжлээр 1978 онд төгссөнөөс хойш анагаах ухааны болон МУИС-д тасралтгүй 34 жил ажиллаж байна. Оюутан байхдаа капиталист, социалист нийгмийн эдийн засгийн талаар дөрвөн жил заалгасан болохоор хэцүү байгаагүй. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед оюутнууд ч компьютер ухаж, интернэтээр аялж янз бүрийн сайтаас мэдээлэл олж авдаг болсон сайн талтай. Англи хэлийг ч чөлөөтэй эзэмшиж байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Тэд мэдлэгээ худалдаж ажилтай болно гэдгийг ухамсарладаг болжээ. Бид л суурийг нь сайн тавиад өгчихвөл оюутнууд маань өөрсдийгөө хөгжүүлж чадаж байна. Танил талаараа, арын хаалгаар ажилтай болно гэсэн ойлголт байхгүй болсон. Үүнийг энэ нийгэм аяндаа мэдрүүлээд байна. Ялангуяа банк, санхүүгийн салбарынхан үүнийг маш сайн ойлгож байгаа.
-Одоогийн оюутнуудыг чадваргүй гэж байнга шүүмжилдэг шүү дээ. Та үүнтэй санаа нийлэх үү?
– Санал нийлэхгүй. Ялангуяа манай сургуулийг төгссөн оюутнууд мэдлэг чадвартай. 100 хувь ажлын байртай болдог, сайн ч ажилладаг, мэргэжлийнхээ салбарт тэргүүлж, ихэнх нь хариуцлагатай ажил, удирдах ажилтан, банкны захирал хийж байгаа гэж гайхуулмаар байна. Шавийн эрдэм багшаас гэдэг. Бид төгсөгчдөөрөө маш их бахархдаг.
-Та их гэгээлэг хүн юм аа. Улс орны эдийн засаг, хөгжлийг ч, оюутнуудынхаа талаар ч тааруухан үг хэлсэнгүй.
-Аливаа зүйлийг сайн сайхнаар харж, бодож, хүсэх юм бол өнгөлөг, гэрэл гэгээтэй, эерэг байх болно.
Д.Баярмаа