Халууны шилний толгой хэсэгт байдгаар нь хүн бүр сайн мэддэг мөнгөлөг өнгөтэй шингэн металлийг мөнгөн ус гэнэ. Байгальд мөргөн ус нь хүхэртэй нэгдсэн байдлаар оршин байдаг.
Мөгөн усны химийн урвалд амархан ордог чанарыг ашиглан анагаах ухаан, электрон техникт ашиглахаас гадна уул уурхайн салбарт тусгай зориулалтаар түүхий эд болгон хэрэглэдэг юм. Сүүлийн үед гар аргаар алт олборлогчид мөнгөн усыг ямар нэг хамгаалалт, журамгүйгээр эмх замбараагүй хэрэглэж өөрсдөө хордоод зогсохгүй хөрс, ус бохирдуулан алсдаа аюултай үр дагавар үлдээсээр байна. Мөнгөн ус агуулсан бодисууд хамгийн түрүүнд түлэх үйлчилгээтэй. Мөнгөн ус шингэн болохоор хүний арьсыг норгож, улмаар хүнсний зүйлээр дамжин хоол боловсруулах замд нэвтэрдэг. Ийнхүү орсноор амны хөндийн салст улмаар улаан хоолой, ходоод гэдсийг түлж үрэвсүүлдэг. Мөнгөн усны түлэгдэл галтай адил тухайн хэсгийг өнгөц, гүн түлээд зогсдоггүй цааш шүлт, хүчил адил идэж, цус шүүрүүлэх аюултай.
Ингэж хордсон бол огиулж бөөлжих, дотор муухайран аманд зэв төмөр амтагдаж, түлэгдсэн газрууд хүрэн улаан өнгөтэй болох ба мөнгөн ус дамжсан газар бүрт хөндүүрлэн хорсох мэт өвдөж, цустай бөөлжих, гүйлгэх байдлаа даамжирдаг. Яаралтай эрчимт болон саармагжуулах эмчилгээ хийхгүй бол тун амархан хүндэрч бөөрний дутагдал, цус багадалт, гүн хордлогод орно.
Мөнгөн ус асгарсан хөрснөөс ууршин агаарт дэгдсэн хэсэгт амьсгалаар дамжин уушиг, цаган мөгөөрсөн хоолойг түлээд зогсохгүй нэгэнт амаар орсон тул бүхэл эрхтэнд хордлогын илрэл гардаг. Амьсгаа бачуурах, хоолой өвдөх, ханиах, цустай цэр гарах ба арьс салст улайн үрэвсэж, улмаар элэг, бөөр, уушиг зэрэг цул эрхтнүүдийг хордуулж үүнээс улбаалан зүрх судасны хямралд оруулдаг. Мөнгөн устай байнга харьдаг хүмүүс амны хаалт, зориулалтын бээлхий , хувцас өмсөөгүй тохиолдолд өөрт анзаарагдалгүй бага багаар авсаар нэг л мэдсэ архаг хордлогын шинж гарч эхэлдэг. Эхэн үедээ толгой эргэх, гар хуруу бадайрах, хоолонд дургүй болох зэрэг шинжүүд гарч байснаа аажмаар нойр хүрэхээ больж, үе үе ухаан самуурах байдал илэрнэ. Мөнгөн ус жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд тусах бөгөөд хэвлий дэх хүүхдэд нөлөөлж зулбах, дутуу төрөх, төрөлхийн гажиг, эмгэгтэй хүүхэд гарах өндөр эрсдэлтэй. Мөнгөн усанд архагаар хордсон бол ямар ч эмчилгээ хийгээд бүрэн илааршуулах боломж бараг үгүй. Зөвхөн саармагжуулах, гарч болох элдэв хүндрэлээс сэргийлэх эмчилгээ л хийдэг. Мөнгөн устай буруу харьцсаны улмаас хурц хордлогод орсон үед нэн даруй их хэмжээний шингэн уулгаж ам, ходоодыг угаах, модны идэвхжүүлсэн нүүрч \ карболин гэх хар өнгөтэй нүүрч шиг эм байдаг \ уулгах, судсаар шингэн сэлбэх, зориулалтын уусмалаар ходоодыг давтан угаах зэрэг арга хэмжээ яаралтай авна. Тэгээд эмнэлэгт хүргэх нь зүйтэй. Бөөрний үйл ажиллагаа доголдож, дутагдалд ордог учир гемодиалез \ хиймэл бөөрний аппаратаар дамжуулан цус шүүх \ эмчилгээ хийх хэрэгтэй болдог.
Алтны уурхайнууд болон гар аргаар алт олборлогч хүмүүс буталсан чулуу, ухаж авсан элсэн дотроо мөнгөн ус хийгээд усаар угаах замаар алтаа тунгааж авдаг. Тэд ашигласан мөнгөн усаа хаа ч хамаагүй асгах, гэр байрандаа хадгалах зэргээс үүдэн архаг хордлогод өтрөх нь түгээмэл. Халууны шилээ хагалсан үед дотор нь байсан мөнгөн ус олон жижиг бөмбөлөг мэт болон асгардаг.
Түүнийг хүүхэд аваад тоглож болзошгүй. Шал, хивсэн дээр асгарсан мөнгөн ус тэндээ байж, ууршин орчны агаараа хордуулдаг. Тиймээс мөнгөн ус ил асгарсан тохиолдолд яаралтай цэвэрлэж, шороонд булах, эсвэл зориулалтын газарт өгч устгуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь мөнгөн ус зайлшгүй хэрэглэх, хадгалах шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авч, зориулалтын саванд хадгалах, хүүхдээс хол байлгах, хүнсний зүйлс хордохоос сэргийлэх нь зүйтэй байдаг. Алт угаасан газарт хөрс бохирдохоос гадна угаасан усанд мөнгөн ус заавал ордог. Тэр уснаас ундаалсан мал, уусан хүмүүс хордох эрсдэлтэй. Тэрчлэн мөнгөн усаар хордсон малын мах, сүү, уснаас барьсан загасны мах зэргээс хүн хордох магадлал өндөр байдаг юм.
Олхонууд ШААБАР