АНУ-ын Нью-Йоркийн загварын 7 хоногт Монголоос анх удаа долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор боллоо.
“International couture fashion week New-York” үйл ажиллагаанд ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр загвар зохион бүтээгч Г.Золцэцэгийн загварыг танилцуулахаар сарын өмнөөс бэлтгэл ажилдаа оржээ. Тус шоунд загвар зохион бүтээгч Г.Золцэцэгийн 12-18 хувцас нэг коллекц болж, өөрийн загварын брэндийг толилуулах юм. Загварын шоунд “Матрикс” салон, “UBS” телевиз, стилист, дизайнер Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд болон “Монголын сайхан бүсгүй-2004” тэмцээний тэргүүн байр, “Алтан эрдэнэ”-ийн өргөмжлөлт А.Сарнай нар оролцоно.
Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг нь 2010 оноос өдөр тутмын загваруудаа К.А.Т нэрийн дор интернет борлуулалт хийж, Ази, Европын хотуудаас үйлчлүүлэгчидтэй болж олноо танигдаж эхэлжээ. 2010 оны гуравдугаар сард Малайзын нийслэлд жил бүр зохиогддог олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн гол загварыг К.А.Т нэрээр бүтээж, 2011-2012 онд жил дараалан амжилттай оролцсон байна. Өдөр тутмын загвараа өөрчилж цор ганц загваруудаа гаргахаар шийдэн, “Roolsmodels crate” агентлагийн тусламжтайгаар 2012 оны дөрөвдүгээр сард анхны бие даасан загварын шоугаа Малайзын нийслэлд гаргасан.
Тус багийнхан дэлхийн хэмжээний шоунд эх орноо төлөөлөн анх удаа оролцож, олон улсын шоуны үйл явц, зохион байгуулалтын туршлагыг суралцан, Монголынхоо загварын цаашдын хөгжилд дэвшил авчирна гэдэгтээ итгэлтэй байгаагаа онцолж байлаа. Загварын долоо хоног ирэх сарын 15-17-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох юм. Загварын шоу нь 2002 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өндөр хэмжээний нөлөө бүхий хүмүүст хүргэж чаддагаараа алдартай. Шоуны тасалбар 700-1400 ам.долларын үнэтэй аж.
Ж.Болор