“Болор цом” яруу найргийн наадам 30 дахь удаагаа Улсын драмын эрдмийн театрт энэ сарын 9-нд боллоо. Гурван даваанд шүлгээ дуудсан яруу найрагчдаас сүүлийн шатанд таван яруу найрагч тунан үлдсэн юм. Ингээд “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналыг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ хүртсэн бол MN2 телевизийн редактор, яруу найрагч Б.Мягмаржав хоёр дахь удаагаа аман хүзүүдлээ. Г.Сэр-Одын шагналт, МҮОНР-гийн сурвалжлагч, яруу найрагч О.Цэнд-Аюуш гутгаар байрт шалгарсан бол “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх, А.Төмөр-Очир нар тусгай шагнал хүртлээ. Мөн өнөө жилийн наадмын “Авьяастан залуу” алтан медалийг яруу найрагч Энхболдбаатарын охин МУИС-ийн оюутан Сударчулуун хүртсэн бол “Болор цом-30” наадмын нэрэмжит шагналыг М.Билэгсайхан, Ю.Идэрчулуун нар гардлаа. Түүнчлэн үзэгчдийн нэрэмжит “Хөх мөнх зөн” цомыг яруу найрагч Л.Ганзулд олгов.