Бэлгийн замын халдварт өвчин – Цитомегаловирус
Ерөнхий
Дээхэн үед энэ өвчнийг шүлсээр дамждаг гэсэн үндэслэлээр “үнсэлтийн өвчин” гэж нэрлэдэг байсан. Гэвч орчин үеийн анагаах ухаан нь энэ өвчнийг өдөөгч нь шүлс төдийгүй цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сүүнд байдаг гэдгийг тогтоосон юм.
Тэгэхээр халдвартай хүний ууж байсан аяганаас уух, секс хийх, алчуураар нь арчихад тусах эрсдэлтэй. Мөн цитомегаловирус нь цус юүлэх болон эрхтэн шилжүүлэх үед халдварлагдах боломжтой.
Иймд цитомегаловирусын халдварыг хамгийн их тархсан халдварт өвчнүүдийн нэг гэж үздэг. Судалгаанаас үзвэл хүн амын 20% нь ой хүртэлх насандаа энэ халдварыг авсан байдаг бол 35 насандаа 40% нь, 50 насанд бараг бүгдээрээ авсан байдаг.
Шалтгаан
Цитомегали нь грекээс орчуулбал эс томрох гэсэн утгатай. Өвчний өдөөгч нь Cytomegaloүirus hominis вирус нь бүтцийн хувьд герпес буюу хомхой үүсгэгч вирустай төстэй. Зөвхөн таатай нөхцөлд болон тодорхой эсүүдэд л амьдарч үржиж чаддаг. Иймээс халдвар авсан хүн хараахан тэр бүр өвдөөд байдаггүй, вирусын тээгч болдог. Гэвч бие махбодь сулраад ирэнгүүт вирус идэвхжин үржиж эхэлнэ. Цитомегаловирусын нөлөөн дор хүний хэвийн эс хуваагдах чадвараа алдан эрс томордог.
Явц
Цитомегаловирус нь хүний эсэнд нэг л орсон л бол тэндээ үүрд үлддэг. Ямар замаар халдвар дамжсанаас үл хамааран илрэл нь үргэлж нэг янз байдаг. Тодруулбал ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Ихэнх халдвар авагсдад өвчин нуугдмал хэлбэрээр явагддаг! Цитамегаловирусыг идэвхжихийн тулд дархлал буурах шаардлагатай.
Хэрэв цитомегаловирус хамрын салст бүрхүүлийг гэмтээвэл нусгайтах өвчин бий болдог. Дотор эрхтэнг гэмтээх үед бие сулрах, гүйлгэх, өтгөн хатах зэрэг тэр бүр эмчид хандаад байдаггүй шинж тэмдэг л илэрнэ. Тэгээд ч эдгээр нь хэдэн өдрийн дараа аяндаа алга болдог.
Цитомегаловирус шээс бэлгийн замын эрхтэнд байрших тохиолдол элбэг. Тийм үед эмэгтэйчүүдэд умай, умайн хүзүү, үтрээ нь үрэвсэнэ. Харин эрэгтэйчүүдийн шээс, бэлгийн замдын эрхтэнд суурилсан халдвар нь ямар ч зовиур, шинж тэмдэггүй байдаг.
Цитомегаловирусын халдвар нь хөгжиж буй үр хөврөлд жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай байдаг бөгөөд учир нь халдвар нь хөгжиж буй үр хөврөлд дамжих боломжтой. Тэгэхдээ хэрэв эмэгтэй нь бүр эрт халдвар авсан бөгөөд халдвар нь сэдэрч хурцдаагүй бол ирээдүйн хүүхдийг вирус гэмтээх магадлал тун бага байдаг. Гэхдээ жирэмсэн үедээ халдвар авсан бол энэ магадлал өсдөг.
Шинж тэмдэг
Цитомегаловирусын халдвар авснаа өөрөө мэдэх бараг боломжгүй. Энэ өвчин нь АЗХӨ-тэй ( амьсгалын замын хурц өвчин) адилхан байдаг болохоор халуурч, хамраас шингэн урсаж хоолой өвддөг. Тунгалгын булчирхай, нулимсны булчирхай болон элэг томорч болно. Гэхдээ энэ бүх шинж тэмдэг нь 1-1.5 сарын хугацаанд илэрнэ.
Зарим тохиолдолд өвчний цорын ганц шинж нь шүлсний булчирхай үрэвсэх явдал байдаг.
Онош
“Цитомегаловирусын халдварт өвчин” гэсэн оношийг зөвхөн бэлгийн замын өвчний эмч эсвэл арьс өнгөний эмч л тавдаг. Үүний тулд тэр танд вирус илрүүлж чадах тусгай шинжилгээнүүдийг хийлгэх чиглэл өгнө. Цус, шүлс, үрийн шингэн, умайн хүзүү болон үтрээнээс гарах ялгадас, ургийн уснаас дээж авч микроскопын дор томорсон эсүүдийг хайж, эсвэл ПГУ( ДНК – оношилгоо) шинжилгээний тусламжтайгаар вирусыг илрүүлдэг. Бас нэгэн шинжилгээний арга нь дархлалын арга бөгөөд дархлалын системийн хариу урвалаар цусан дахь вирусыг илрүүлэх арга юм. Цитомегаловирусын шинжилгээг жирэмслэхийг хүсэж буй эмэгтэйчүүд заавал хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Цитомегаловирусын өвчин нь эдгэршгүй юм. Гэхдээ бие махбодь дахь вирусын хэмжээг хянаж, өсөлтийг нь тогтоон барьж байх эм байдаг.
Энэ эмчилгээг жирэмсэн, эсвэл жирэмслэхийг зэхэж буй эмэгтэйчүүдэд цитомегаловирус илэрсэн үед тээх болон хөхүүлэх бүхий л хугацааны туршид явуулдаг. Дархлаа сайжруулдаг бүх л цогц бэлдмэлүүд, түүнчлэн вирусын үржлийг дарангуйлдаг интерфероны бэлдмэлүүд хэрэглэгдэг. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй нь 10-12 хоногийн зайтайгаар шинжилгээ өгөх ёстой. Мөн ургийн байдлыг байнга хянаж байх нь зүйтэй. Нарийн сонгосон хүчтэй эмчилгээ болон эмчийн зөвлөгөөг хатуу мөрдөж биелүүлсэн тохиолдолд халдвар хүүхдэд дамжих эрсдэлийг хангалттай бууруулж болдог.