Найзтайгаа ярьж сууж байгаад “Тээр, ичсэн хүн хүн ална гэдэг юм даа” гээд инээсэн чинь улам бантаад уурлаад суучихаж билээ. Аргадах гэж бөөн юм болсон юм даг. Банталт гэдэг бантсан хүндээ газрын гаваар нуугдаад орчих хүсэл төрүүлдэг сонин эд шүү. Болдог бол аль хэдийн оготны нүх рүү ч хамаагүй нуугдаад орчих байсан Гоолингоочууд маань бантсандаа “Баавгай алсан” түүхээ хуваалцаж байна.
Тэр ч гэсэн бантаад гараад явчихсан
Би нэлээн жаахан байсан юм аа. Зун болгон өвөө, эмээ дээрээ хашаанд очиж, тоглож өнгөрүүлдэг байсан юм. Тэр үед манай хажуу хашааны нэг банди надад сайн гээд л, би ичээд л зугатаадаг. Нэг өдөр хамаатныхаа охинтой хашаандаа шээж байтал хаалга онгойлгоод нөгөө банди чинь ороод ирэхгүй юу. Аймар ичээд л, сандарч өмдөө татаж боссоноо бантаад буцаад өмдөө тайлангуутаа доошоо суучихсан. Үнэхээр, үнэхээр ичмээр. Нөгөө банди чинь намайг бие засаж байгааг харангуутаа бас бантаад, гараад явчихсан. /24 настай, Ж/
Андуураад сайн залуу руугаа явуулчихсан!
Их сургуулийн нэгдүгээр курст л байсан байх. Тэр үед ангийнхаа нэг залууд дурлачихаад л, түүнтэй мессэнжэрээр байнга харилцдаг байсан юм. Нэг удаа дурлалт залуутайгаа мессэнжэрээр харилцаад, давхар найз охинтойгоо бичиж байгаад “Энэ Заяа намайг гуйхгүй юм байх даа, зөндөө л удлаа шд” гээд явуулсан чинь андуураад нөгөө залуу руу оччихсон. Гэртээ зүв зүгээр сууж байсан хүн чинь аймар чанга орилоод л, дэвхцсэн чинь манайхан жинхэнээсээ санаа зовчихсон “Хүүе, яасан бэ?” гээд хаха. Тэгсэн чинь харин ашгүй нөгөө сайн залуугаас маань “Би харин яаж гуйхаа мэдэхгүй л яваад байсан юм. Надтай үерхээч” гэсэн гуйсан. Санаандгүй ч гэсэн цагаа олсон андууралт байсан шүү. /26 настай, Н/
Жижигхэн, хөөрхөн “Пүд” гэж унгангуутаа..
Найз залуутайгаа уулздаг болоод дөнгөж хэд л хонож байсан юм. Хоёр билүү гуравдахь уулзалт байлуу даа. Гэрийн гадаа ирчихээд машинд нь юм ярьж байгаад орсон л доо. Өдөр нь зөндөө хоол идчихсэн байсан болохоор гэдэс эвгүйрхээд л дотроо “За хурдхан орж 00 орно доо” гээд л бодож байлаа. Нөгөөдөх чинь хаалган дээр хүргэж ирснээ дахиад л юм яриад унахгүй юу. Гэхдээ аягүй гоё юмнууд яриад л “Гэрээ тэгж тохижуулвал гоё, чиний дуртай номнуудыг чинь нэг хана дүүрэн өрнө” гэх мэтээр ярихаар нь тэсээд л зогсоод байлаа. Санаанд хүрсэн зүйл хэлэхээр нь гэнэдээд “Хөөх, тэгвэл тэрийг” гээд жаахан хөөрөөд хэлчихсэн чинь гэнэт унгаад. Аймар санаа зовоод, бантсандаа доошоо гэнэт суучихсан. Орцонд ш дээ. Найз залуу маань харин сонссон юм шиг харагдахгүй байхаар нь санаа амраад, суугаа чигээрээ юм ярьж байгаад орж ирж билээ. Үерхээд нэлээн удсаны дараа “Би тэгсийшд, чи сонссон уу?” гээд асуусан чинь бодож бодож байснаа “Сонссон” гэдийн хаха. Одоо найз залуу маань хамт байж байгаад нээх хөөрхөн “Пүд” гэж жижигхэн унгангутаа над руу хошуугаа цорвойлгоод жоготой хараад л байдаг юм. /22 настай, С/
Ичсэндээ найзтайгаа хамт цаашаа явчихсан
Гэртээ хоёр дүүтэйгээ, гурвуулахнаа амьдардаг болохоор янз бүрийн хүмүүс манайхыг харж хамгаалах хүнгүй гээд мэдчих вий гэж их айдаг л даа. Орой ажлаа тараад иртэл үүдэнд хоёр том биетэй залуу бичиг цаас барьчихсан зогсож байна. Манай охин дүү “Аниа, энэ ах нар судалгаа авч байгаа гэнэ” гээд хэлэхээр нь дотроо “За, хоёулхнаа үлдэхээр чамайг болгож өгнө дөө” гэж бодчихоод нөгөө хоёр залууд “Өө, за ийм тийм” гэсэн болгоод л гаргасан юм. Дүүдээ “Чи яасан айдаггүй юм. Хоёрын хоёр эрэгтэй хүн. Хулгай хийдэггүй юмаа гэхэд хүчин, мүчингийн хэрэг гадуур их байгааг сонсож байгаа биз дээ. Дахиад иймэрхүү юмнуудыг оруулж болохгүй шүү” гэчихээд найзтайгаа уулзах гээд гарсан чинь нөгөө хоёр чинь шатан дээр сууж байдаг байгаа. Миний бүх яриа сонсогдсон нь тодорхой. Хөөрхий хоёр залуу чинь намайг гарч ирж байгааг харангуутаа сандраад судалгааныхаа цаасыг гялс эмхэлж цэгцлээд. Үеийн залуус ч байсныг хэлэх үү, ичсэндээ болоод шатаар хар хурдаараа гүйчихсэн. Гарч юмаа авчингуутаа дахиж тааралдахаас санаа зовоод, тэр чигээрээ найзтайгаа цаашаа явчихаж билээ./ 27 настай, А/
Гэнэт гэдэн хөдлөөд..
Төрсөн өдрийн бэлгэнд авсан битүү шигтгээтэй бугуйвчийг минь дүү танилцах үдэшлэгтээ зүүгээд, хамаг шигтгээг нь унагаад, муухай болгочихсон байсан юм. Гэртээ байж байтал дүү маань орж ирснээ миний гоёл чимэглэлийн хайрцагнаас бугуйвч авахаар нь “Яах гэж байгаа юм?” гэсэн чинь “Зулаад гуйгаад байна, шинэ жил нь маргааш” гэхээр нь гэнэт гэдэн хөдлөөд “Чи бас танилцахаараа зүүгээд муухай болгочихсон байсан биз дээ. Ер нь яахаараа хүний юмыг гуйн гуйн зүүж, шинэ жилд ордог юм. Байгаа юмаа л зүүнэ биз. Би лав өгөхгүй шүү” гэлээ. Дүү царай нь хувьсхийж ирснээ үүд рүү заахаар нь харсан чинь найз нь зогсож байдын. Бантсандаа ээжтэй юу ч болоогүй юм шиг, шал өөр юм яриад л эхэлсэн. /29 настай, Х/
“Алтаар хийсэн аппарат юм уу, хаашаа юм”
Нэлээд удаан харилцаж байгаад нэг зурагчин залуутай уулзахаар болов оо. Өргөөд болзоод, киногоо хүлээгээд шатан дээр зогсож байсан юм. Нөгөөх чинь аппаратны тухай яриад байхаар нь инээх тоолонд нь шүдийг нь би хараад л байлаа. Шүдний аппараттай юм шиг нэг л харагдахгүй. “Гурван сая гэхээр нь яриад хоёр таван зуугаар авсан” гэхээр нь “Пөөх, алтаар хийсэн аппарат юм уу, хаашаа юм” гээд гайхахгүй юу. Тэгсэн чинь аймар инээгээд “Гүй ээ, тэрнээс ч үнэтэй нь байгаа шд” гэхээр нь би “Аан, тэгээд л ерөөсөө зүүсэн юм шиг харагддаггүй гоё байдын байна л даа” гэсэн гэж байгаа. Сүүлдээ ойлгонгуутаа намайг ямар ухаан муутай юм гэж бодсон байх гээд киноны туршид юу ч яриагүй хаха. Гэхдээ дараа нь ярьсан чинь тэгж бодсон нь аягүй эгдүүтэй санагдсан гэсэн. /21 настай, И/
“Жүжигчин Амараа гэнэ шүү”
Би түрүү жил ажлынхаа Амараа гэдэг залууд сайн болчихоод, найз бүсгүйдээ анх удаа яриад сууж байлаа. Цайны цаг болчихсон, ажил дээр бид хоёроос өөр хүн бараг байхгүй байсан болохоор “Амараа аягүй хөөрхөөн. Ялангуяа юм ярьж байхдаа” гээд нээх чанга яриад сууж байсан чинь найз маань намайг ширээн доогуур өшиглөв өө. Тэгсэн чинь нүдний буланд Амараа хоёр ширээний цаана зогсож байгаа нь харагдлаа. Бантсандаа “Харин сүүлд нэг тоглосон рекламыг нь үзсэн чинь бүр хөөрхөн санагдаад байх юм. Жүжигчин Амараа ч сайхан залуу шүү” гээд аваад хаясан. Ажлын Амараа хүрч ирэнгүүтээ “Чи жүжигчин Амарааг таньдаг юм уу? Тийм бол надаа утсыг нь өгөөч. Нэг реклам хийдэг ах маань хайгаад байсан” гэхээр нь “Цаа чинь сүүлд дугаараа сольсон байна лээ. Би чамд асуугаад өгье” гэж хэлчихээд, ичсэн нүүрэндээ баахан хүнээр асуулгаж байж долоо хоногийн дараа олж өгсөн шд.
Чиний “бантсандаа баавгай алсан” түүх юу вэ?
Гоолингоо