Бразилийн Санта-Мария хотын “Кiss” хэмээх шөнийн цэнгээний газарт гал гарч 233 хүн нас барж, угаартаж, түлэгдэж, гэмтсэн 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан билээ. Бразилийн “Глобо” мэдээллийн агентлагийн мэдээлснээр хохирогчдын олонхи нь 16-20 насны залуучууд ба ихэнх нь “UFSM” их сургуулийн оюутнууд байсан аж.
Энэ хэрэгтэй холбогдуулан Бразил даяар 30 хоног гашуудал зарласан билээ. Гал сөнөөгчдийн мэдээлснээр шөнийн клубын ариун цэврийн өрөөнөөс 50 гаруй хүний цогцос олдсон. Гал шөнийн 02:00 цагийн үед гарсан бөгөөд тухайн үед клубт 300-500 хүн байсан байна.
Гал гарсан шалтгаан нь хямд төрлийн пиротехникийн хэрэгсэл ашигласны улмаас түймэр гарсан хэмээн тус улсын цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Шалгалтын явцад тус шөнийн цэнгээний газар тоглолт хийсэн хамтлаг задгай газар буудуулах зориулалттай пиротехникийн хэрэгсэл ашигласан бөгөөд тэдгээр нь битүү байгууламжинд ашигладгаас харьцангуй хямд үнэтэй байсан ажээ. Ихэнх хохирогчид угаартаж, бусдын хөлд дарагдсаны улмаас амиа алдсан юм.
Өчигдөр дээрх хэрэгтэй холбоотойгоор дөрвөн хүнийг баривчилсан бөгөөд тэдний хоёр нь шөнийн цэнгээний газрын эзэн бол нөгөө хоёр нь тухайн үед тоглолт хийж байсан хамтлагийн гишүүд юм байна.
WWW.MISS.MN