Японы Хүүхдийг Ивээх сангаас цэцэрлэгүүдэд техникийн туслалцаа үзүүллээ.
Хүүхдийн эсэн мэнд торних, сурч хөгжих, нийгэмшихэд чухал үүрэг гзйцэтгэдэг газрын нэг нь цэцэрлэг билээ. Иймээс Хүүхдийг Ивээх Сан нь сургуулийн өмнөх болон бага боловсролыг дэмжих стратеги зорилтынхоо хүрээнд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг 2011 оноос 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Хүүхдийн халамж, хамгаалал болон боловсролын чанартай үйлчилгээг хөгжүүлж, “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”-ийн загварыг бий болгох зорилго бүхий уг төслийг Японы Засгийн газраас санхүүжүүлж байгаа юм.
“Багш, эцэг эхийн боловсролыг дэмжих номын сан”-гуудыг 38 цэцэрлэгт байгуулж, 3 цэцэрлэгийн 9 бүлгийн ариун цэврийн өрөөг “Хүүхдэд ээлтэй орчин” болгож засварлан сайжруулахад 148805382 төгрөгийг техникийн туслалцаа үзүүлэв. Түүнчлэн цэцэрлэг тус бүрд дижитал зургийн аппарат, самбар, номын шүүгээ, уулзалтын ширээ, сандал болон багшийн ур чадвар, хүүхэд эцэг эхийн мэдлэг боловсролд зориулсан 100 орчим нэр төрлийн номоор хангаж байна. Тус төслөөс цэцэрлэгийн багш нарын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, менежментийг сайжруулах, зохистой хяналт үнэлгээний систем бий болгох, эцэг эхийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Тус төслөөс цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эцэг эхийн боловсролыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ чиглэлээр багш, эмч, эцэг эхийн боловсрол, удирдлага, хяналтын чиглэлээр 8 төрлийн сургалтын модулийг шинээр боловсрууллаа. Цэцэрлэгийн багш, туслах багш нарт төрөлжсөн кредиттэй сургалтыг ажлын байран дээр зохион байгуулж байгаа нь үр дүнтэй аргачлал болж байна. Хүүхдэд ээлтэй хүмүүжлийн арга зүйг онол, практик хослуулан багш, эцэг эхэд эзэмшүүлэхэд анхааран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
Хүүхдийг Ивээх Сан, утас: 11-329365;otgonchimeg@savethechildren.mn