Бидний үндэсний баяр cap шинэ сайхан болж өнгөрлөө. Уламжлалдаа суурилсан, олон зууны түүх, өв соёл шингэсэн зан үйл бүхий цагаан сараар монголчууд элгэн саднаараа цуглаж, ураг төрлөөрөө мэнд мэддэг нь үндэсний соёл ажээ. Ямар нэг баяр наадмыг хэтэрхий олон удаа тэмдэглэж байна гэдэг шүүмжлэлийг бид өөрсдөө өрнүүлдэг боловч, тэмдэглэсээр л байна.
Ардчиллын буянаар хэт их глобалчлагдсан гэж үздэг бид харийн огт өөр соёл, шашны зан үйлтэй баяруудыг ч алгасалгүй тэмдэглэдэг болжээ. Валентин, Халловен, Мартын-8 гээд тоочвол бидний ач холбогдол өгч байгаа өдрүүд бүгд л “цагаачилсан” баяр болж таарна. Бие биедээ дурласан хосуудыг гэрлүүлснийхээ төлөө амиа алдсан Валентин ламын дурсгалд зориулж бид хайрын баяр гэдэг шинэ өдрийг “нутагшуулаад” нэлээд хэдэн жил болчихож.
Энэ өдрийг далимдуулан ойр дотны хүмүүстээ хайртай гэж хэлэх нь мэдээж сайхан. Өөрөөр хэлбэл валентин тэмдэглэснээр монголчууд муудахгүй. Харин ганцхан монголчуудыг л илтгэх үндэсний баярынхаа утга, зан үйлийг буруутгаж, харийн соёлоос авчирсан баяруудаа хэтэрхий их сурталчлах нь үндэстнийхээ мөн чанарыг бүдгэрүүлэх талтай. Өвлийг өнтэй давсны бэлгэдэл болгон тэмдэглэдэг cap шинийн баяраа бид хэчнээн их гоочилж байна.
Баян тарганаа гайхуулах уралдаан боллоо, бэлгээрээ өрсөлдөж байна, хүн бүрт бэлэг өгөх нь айл өрхийн санхүүг элгээр нь хэвтүүллээ гээд л дор бүрнээ шүүмжилдэг. Харин энэ баяр нь ураг төрлийн холбоогоо мэдэлцэх, цаашлаад улсаа тусгаар байлгах аугаа түүх соёлоо хадгалж үлдэх нэгэн хэмнэл байдгийг мартаж болохгүй юм. Энэ дэлхийн 200 гаруй улсаас Монгол гэж товойх соёлын томоохон бүрэлдэхүүн нь цагаан cap, наадам билээ. Үндэсний баяртай байх нь тусгаар эх оронтой хэмээсэн үг ажээ.
Ө.Батхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ”