Эрүүл, идэвхтэй амьдралыг бий болгогч хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь хангалттай нойр авах. Сайн унтаж амарвал өглөөг эрч хүчтэй угтаж, өдрийг үр бүтээлээр дүүрэн өнгөрөөдөг. Гэтэл сүүлийн үед ажил ихтэйгээсээ болоод шөнөжин компьютерийн ард суух эсвэл найз нөхдийн чинь төрсөн өдөр, хурим, албан тушаал дэвшсэн баяр гээд бүх зүйл зэрэг зэрэг тохиогоод хэдэн шөнө 00.00 цагтай уралдаж гэртээ ордог болсон уу. Энэ мэт санамсаргүй үйлдлээс болоод нойргүйдэлд хүрэх нь элбэг. Эсвэл амьдралын буруу хэмнэлээс болж шөнийн 01.00, 02.00 цагт сая нэг унтахаар хэвтдэг хүмүүс ч бий. Тэгвэл тавтай сайхан нойрсоход тань дараахь хүнсний бүтээгдэхүүн тус болдог аж.
Бөх нойрыг дэмжигчид:
Гадил
Энэ жимсийг өдөр бүр тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд нэн тустай. Гадил жимс нь кали, магни ихээр агуулдаг. Түүнчлэн уг жимсэнд тайвшруулах, амраах увидас байдаг аж. Дээр нь нэмээд тархи амрааж, нойр хүргэх амино хүчлийн триптофаны найрлагатай юм байна.
Уураг
Уургийн өндөр агууламж бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр мөн л тайван бат бөх нойрсоход тусалдаг. Ялангуяа уураг нь шөнийн цагт зүрхний цохилтын жигд, тайван хэмнэлийг дэмжиж өгдөг аж. Уургийн өндөр агууламж бүхий бяслаг, чанасан өндөг зэрэг бүтээгдэхүүнийг танд зөвлөж байна.
Бүйлс
Уургийн өндөр агууламж бүхий хүнсний бүтээгдэхүүний нэг. Бас бүйлсэнд агуулагддаг магни нь хүний биеийн булчинг амрааж, тайвшруулдаг учир бөх нойронд тустай. Орондоо хэвтэхийн өмнө хэдэн ширхэгийг амталбал ямар вэ?
Сүү
Сүүнд тайвшруулах нөлөө бүхий триптофан их хэмжээгээр агуулагддаг. Мэдээж, кальцийн өндөр агууламжтай. Нойргүйдсэн өвчтөнүүддээ эмч нар нэн түрүүнд сүү уухыг зөвлөдөг. Тэдний зөвлөснөөр хэрэв унтаж чадахгүй юм уу, шөнө дунд сэрчихээд эргэж унтаж чадахгүй бол сүү уух хэрэгтэй гэнэ.
Интоор
Амтлаг интоор жимсэнд дургүй хүн тун ховор байх. Тэгвэл оройдоо эсвэл унтахаасаа нэг цагийн өмнө интоорын жүүс уухыг санал болгож байна. Бас хатаасан интоор ч сайхан амттай шүү.
Цай
Ногоон цайнд мөн л тайвшруулах, стресс бууруулах ид шид бий. Тиймээс ч бөх бат унтаж амрахад чухал нөлөөтэй.
Овъёосны каш
Ганцхан аяга овъёосны каш чиний эрүүл мэндэд ямар том хөрөнгө оруулалт хийнэ гээч. Кальци, магни, фосфор, силикон… нэмэх нь кали. Дээрх бүгд хүний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай төдийгүй сайн нойр авахад тусална.
Бид бөх бат, сайн унтаж амрахын тулд дээрх бүтээгдэхүүнээс хэрэглэх ёстойг мэдэж авлаа. Тэгвэл нойрны дайсан юу болохыг ч мэдэхэд илүүдэхгүй. Бидний гадарладгаар мэдээж кофе. Үнэхээр ч каффейн агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд жинхэнэ нойрны дайсан. Өглөө сэрээд хэрэглэж болох ч ийм төрлийн бүтээгдэхүүнтэй орой нөхөрлөхөөс зайлсхий. Үүнээс гадна хэт их мах бас хэмжээ нь ихэдсэн согтууруулах төрлийн бүтээгдэхүүн нойрны дайсан гэдгийг санаарай.
Khulangoo.com