Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дотор эрдэм боловсролтой монгол хүн гэдэг бүлэг бий. Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газрын 2013-2016 он хүртэлх мөрийн хөтөлбөрт “Зөв монгол хүүхэд” гэсэн нэр томьёо гарч ирж байгаа бөгөөд монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүхийн онцлогийг шингээсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Үүний дагуу БШУЯ-наас Зөв монгол хүүхэд, Зөв монгол хүүхдийн шинж төрхийг тодорхойлох зөвлөмж гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн зүгээс гурав гурваар багцалчихсан 9 бүлэг бүхий шинж чанарын тодорхой хэмжээнд төлөвшсөн байвал “Зөв монгол хүүхэд” гэж хэлнэ гэсэн зөвлөмжийг гаргажээ. Энэхүү зөвлөмж, “Зөв монгол хүүхэд” гэсэн нэр томъёон дээр иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл энэ нэр томъёо, зөвлөмжийн талаар “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.
“Зөв монгол хүүхэд” гэсэн нэр томъёо хэр оновчтой вэ?
БШУЯ-наас гаргасан “Зөв монгол хүүхэд”-ийн шинж төрхийг тодорхойлох зөвлөмж гаргах ажлын хэсгийнхний боловсруулсан бүтээлийг бид хэвлэл мэдээллээр харлаа. Гурав гурваар багцалчихсан 9 бүлэг шинж чанарын тодорхой хэмжээнд төлөвшсөн байвал “Зөв монгол хүүхэд” гэж хэлнэ гэж гаргасан байна. Тэгэхээр энэ нэр томъёог таарч тохироогүй байна гэдгийг хэлмээр байна. Учир нь “Зөв монгол хүүхэд” гэдэг чинь цаанаа буруу монгол хүүхэд гэсэн утгыг дагуулж байна. “Зөв монгол хүүхэд” гэдгийг ингэж БШУЯ-наас тодорхойлдог юм байж. Тэгж тодорхойлох эрх БШУЯ-нд байхгүй. Өнөөдөр бид зөв буруугаа тодорхойлуулах гэж энэ хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг сонгоогүй ээ.
Бид өөрөө өөрийнхөөрөө амьдарч, өөрөө өөрийгөө танин мэдэж, өөрийгөө хөгжүүлж амьдрах гэж л энэ нийгмийг сонгосон юм шүү дээ. Өнөөдрийн энэ нийгмийн нэг гол тулгуур зарчим нь бол хүний эрхийн зарчим. Бид ямар байхаасаа шалтгаалахгүй, ялгаатай байдал бол бид нарын баялаг, хүн болгон ялгаатай төрдөг, тэр чигээрээ явах ёстой гэсэн үзэл зарчимтай харшилсан нэр томъёо. Дээрээс нь ялангуяа хүүхдийг зөв буруугаар нь ялгасан, ялгаварлан гадуурхсан ийм бодлогын чанартай бичиг баримт гарах ёсгүй. Тухайлбал эцэг эхэд нь танай хүүхэд буруу монгол хүүхэд байна, эсвэл монгол ч биш хүүхэд байна гэж хэлэх болж байна уу.Тиймээс нэр томъёонд маш болгоомжтой хандаач ээ гэж хэлмээр байна. Монгол ахуй, уламжлалт зан заншил, түүх соёлын үүднээс хэзээ ч хүүхдүүдийн бахархал нь Чингис хаан байна гэх түүх соёл одоо үе зохимжгүй. Хүүхэд болгон өөрийн гэсэн бахархалтай байдаг.
Эцэг эх нь бахархал нь байж болно, урлаг соёлынхон бахархал нь байж болно шүү дээ. Бүх хүүхдийн бахархал нь Чингис байна гэж ингэж дээрээс нь хүүхдийн итгэл үнэмшилтэй байх, өөрийн үзэл бодолтой байх эрх, эрх чөлөөнд халдах эрхийг бид төрд ялангуяа БШУЯ-нд өгөөгүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ баримт бичгийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч нь хэлэхдээ уламжлал шинэчлэлийг судалсан гэж байгаа. Гэхдээ бид эндээс шинэчлэлийг судалсан байна гэдгийг үнэхээр олж харахгүй байна. Эндээс бид уламжлалыг ч, шинэчлэлийг ч 100 хувь олж харахгүй байна. Бодвол ардчиллын зарчим гэдгийг шинэчлэлийг судалсан гэж андуурч байгаа бололтой. Хүүхэд эрхээ эдлэх ёстой. Тийм ч учраас бид өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталж гаргаад бүх хууль журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж байгаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхдийн эдлэх ёстой эрх гэж байгаа болохоос биш үүрэг хариуцлага гэж байхгүй. Үүрэг хариуцлага гэж байдаг л юм бол томчууд бидэнд, эцэг эхчүүд, БШУЯ-ны шийдвэр гаргагчдад төр засаг, насанд хүрэгчдэд байгаа. Тэрнээс биш өнөөдөр хүүхдэд үүрэг хариуцлага ногдуулах гэж энэ баримт бичгийг гаргах ёсгүй байхгүй юу.
Тэгвэл энэ зөвлөмж хүүхдийн үндсэн эрхүүд болох хамгаалуулах, оролцох, хөгжих эрхийг яаж зөрчиж байна. Мөн Хүүхдийн эрхийн конвенцид заасныг мөн яаж зөрчиж байна?
Бид энэ баримт бичгээр хүүхдийн мөрөөдлийг хязгаарлах ёсгүй. Зөвлөмжид оруулсан “Хий мөрөөдөлдөө хязгаартай” гэж юу гэсэн үг юм бэ. Хүүхдэд байгаа орчиндоо тааруулж мөрөөд, амьдарч байгаа Монголдоо тааруулж мөрөөд гэж байгаа юм уу. “Завгүй ажилч, мэргэжилдээ эзэн, үндэсний бичиг нь босоо, үг хэл нь цэцэн” гэдэг нь оролцох эрх юм уу. Энд хүүхдийн оролцох эрхийн тухай ерөөсөө байхгүй. “Хэцүү бэрхэд тэвчээртэй, завгүй ажилч, эх орноо хамгаалдаг” гэж байгаа. Энэ нь хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөн торниж хамгаалуулах эрхийг нь зөрчиж байна. Хүүхдийн эрхийн тухай энд ямар ч ойлголт, мэдрэмж алга гэж хэлмээр байна. Хүүхдийн эрхийн конвенцид зааснаар бол “Хүүхэд бүр өөрийнхөө авьяас билиг, оюун ухааны болон бие бялдрын ямар потенциалтай төрсөн байна, ямар сав хэмжээтэй төрсөн байна тэрэнтээ тултал хөгжих эрхтэй” гэж заасан байдаг. Хүүхдүүд өөрийнхөө потенциал ямар байна тэр хэмжээндээ тааруулж суралцах ёстой. Тэрнээс биш бүх хүүхдийн түвшин адилхан, бүгдээрээ үг хэл нь цэцэн, авьяаслаг, бүгдээрээ Чингисээр бахархдаг, өрөөлийг энэрдэг, өөрийгөө хянадаг байх зэргээр хүмүүжүүлэх юм уу төлөвшүүлэх бидний зорилго биш. Хүүхэд өөрийнхөөрөө л өөрийгөө таньж мэдэх ёстой, өөрийгөө бүтээх ёстой.
Бусад орны боловсролын жишээн дээр хүүхдийн сурах нөхцөл, орчныг яаж бүрдүүлдэг юм бол оо?
Бусад оронд хүний итгэл үнэмшил, хүний хувийн эрх, эрх чөлөө, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэхэд нь халдахгүйгээр зорилго зорилтоо дэвшүүлдэг. Би саяхнаас Сингапурын боловсролын тогтолцоог судалж байгаа л даа. Сингапурын боловсролын тогтолцоонд ерөөсөө дөрөвхөн зүйлийг хүүхдийг өөртөө итгэлтэй хүн болгоно гэж үздэг байна. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт хүүхэд зөв буруугийн ялгааг өөрөө мэддэг байх, ингэж болох уу болохгүй юу гэдгийг өөрөө олж мэддэг байх хэрэгтэй гэж үздэг. Түүнчлэн ямар ч орчин нөхцөлд дасан зохицож чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс, сум орон нутаг маань өөрчлөгдөж байна, ийм өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хүүхэд бай гэсэн үг.
Дээрээс нь өөрийгөө мэддэг хүүхэд бай. Тухайлбал, би хэн бэ, би ямар хүсэл мөрөөдөлтэй юм, би юугаар бахархах ёстой юм, би юуг тэвчих, би юунд бүтээлчээр хандах, би хэнийг хүндлэх, би ямар боловсрол эзэмших вэ, би ямар зан чанартай байх вэ гэдгийг өөрөө боддог, бие даан боддог зэрэг орж байгаа. Үүгээрээ хүүхдийг өөрийгөө тухайн орчин нөхцөлд, ХМХ-ээр, бичгээр, зохион бичлэгээр яаж чөлөөтэй, үр дүнтэй илэрхийлдэгт сургадаг. Тэрнээс биш заавал цэцэн мэргэн илэрхийлэхийг шаардахгүй. Хоёрдугаарт бол өөрөө юм сурахын тулд шүүмжлэлтэй, ханддаг байх. Энэ яагаад ийм байгаа, яагаад ийм байж болохгүй гэж, энд ийм юм байна гэж дандаа юмыг тунгааж эргэцүүлж харьцуулах чадвартай суралцагч болох.
Гуравдугаарт идэвхтэй хувь нэмэр оруулагч байя, багаар ажиллах, санаачилга гаргаж чаддаг, аливаа юманд шинэ санаа гаргаж, шинэчилж өөрчилж ажилладаг, хийж байгаа зүйлээ өөрийнхөө чадлын хэрээр гүйцэтгэх, дөрөвдүгээрт чин сэтгэлээсээ санаа тавьдаг, эх орондоо санаа тавьдаг байх зэрэг орж байна. Жишээ нь, Монгол гэдэг улс орон миний үндэс угсаа, эх орон, би энэ улсын иргэн юм шүү гэдгээ ухамсарладаг, энэ улсынхаа тухай мэддэг, мэдээлэлтэй тэгээд эргэн тойрны амьдралд маш идэвхтэй оролцоно гэхээс биш дан Чингис хаанаар бахархаж, эх орондоо хайртайгаа харуулна гэж байхгүй. “Зөв монгол хүүхэд” гэж ямар Чингисийн үеийн, Богд хаант Монгол улсын монгол хүүхдийг тодорхойлох гээд байгаа биш шүү дээ.Техник технологи хөгжчихсөн, даяаршчихсан, дэлхийтэй ийм их харилцаа холбоотой болчихсон үед монгол хүүхдийг тодорхойлох зүйл энэ 9 багц зүйлээс арай л өөр баймаар байна.
Өмнөх нийгэмд хүүхдийн эрхийн асуудал яаж явж ирсэн, одоогийн нийгэмд ямар түвшинд байна вэ?
“Зөв монгол хүүхэд” гэдэг нэр томъёо өөрөө өмнөх нийгмийг санагалзсан үйл явц юм шиг санагдаж байна. Социалист нийгмийн үед угаасаа дээрээс нам засаг, төрөөс хүн ямар байх ёстой, хүүхэд ямар байх ёстойг тодорхойлоод тавиад өгчихдөг байсан. Тэр бол аргагүй нэг намын дарангуйлалд байсан социалист дэглэмтэй засгийн үед байсан асуудал. Тэгвэл өнөөдөр олон ургальч үзэл хөгжсөн, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг, ардчилсан, хүнийг хүнээр нь, байгаагаар нь хүлээж авъя, хүн бүр ялгаатай, өөр байж болно, хүн бүр онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн нийгэм байгуулах гэж байж дээр үеийн хайрцаганд дахин хайрцаглах гэж байгаа нь үнэхээр болхи оролдлого байна. Арай өөр байх ёстой, бид энэ нийгмээс өөр зүйл хүлээж байсан. “Зөв монгол хүүхэд” гэж туйлшрахын оронд монгол хүний эрхэмлэх үнэт зүйлс гэдэг ч юм уу боловролын тогтолцооны зорилго гэдэг ч юм уу, эсвэл бага боловсрол, дунд боловсролын дараа хүүхэд ийм мэдлэг чадвар хандлагатай болсон байна гэдэг байдлаар тодорхойлсон байсан бол арай өөр л дөө.
Энд ямар ч шаардлагагүй юмыг хүчээр толгой холбоод, хүчээр утга санаануудыг чихээд хийсэн иймэрхүү хайрцганд өнөөдрийн хүүхдүүд багтахгүй ээ. Эцэг эх нь ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Монголд бид хэтэрхий их туйлширч хоёр тийшээ савж байна. Саяхан өмнөх Засгийн газрын үед Кембриж олон улсын стандарт, дэлхийн жишиг энэ тэр гэж боловсролыг савлуулж байсан биз дээ. Тэгж савлуулахад манайхан чинь тийшээ ханараад савлуулж байсан. Тэгэхээр одоо дараагийн засгийн газар гарч ирэхээр үндэсний уламжлал, түүх соёлын онцлог гээд нөгөө тийшээ савлаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр энэ хоёрын дундуур юм байж болохгүй. Дэвшилтэт зүйл гэдэг дээр бид маш болгоомжтой хандах ёстой. Кембриж бол дэлхийн дэвшилтэт юм уу, дэлхийн стандарт бус юм уу. Яг үнэндээ стандарт жишиг биш байсан. Тэгэхэд бидэнд жишиг гэж ойлгуулахад бид тийшээ ханарч байсан байхгүй юу. Өнөөдөр монгол хүн жаахан өөрийн гэсэн бодолтой юманд хандмаар байна, ялангуяа боловсролынхоо тогтолцоонд өөриймсөг бодолтой хандахгүй бол ингэж хэдэн тийшээ савласаар байтал бид ямар үндэстэн ямар хүн бий болоод байгааг ойлгохоо больсон явж байна ш дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрсөн стандарт гэвэл иргэний нийгмийн байгууллагууд зөвхөн хүний эрхийн тунхаглал, хүүхдийн эрхийн конвенци, дэлхийн хэмжээнд баталсан баримт бичгийн хүрээнд л ярина.
Таны хувьд монгол хүүхдийн онцлог гэж юу вэ?
Америкт яг ямар хүүхдийг зөв хүүхэд гээд хэлээд байна вэ гэхээр эцэг эхдээ дараа болохгүй, биеэ дагаад амьдардаг хүүхдийг хэлэх нь дээ. Тэгэхээр зэрэг улс үндэстний онцлогийг харгалзаж үзэх нь чухал юм. Монгол хүүхэд гэдэг гэр бүлийн халуун уур амьсгал дунд өсч хөгждөг. Дээрх зөвлөмжид “өрөөлийг энэрдэг байх” гэж байгаа. Хүүхэд юуны түрүүнд гэр бүлийнхээ гишүүдийг эмээ, өвөө, эцэг эхийгээ хайрлаж хүндэлж сурах ёстой. Бас “өөрийгөө хянадаг байх” гэж байгаа. Хүүхэд чинь өөрийгөө хянаж чадахгүй учраас эцэг эх, асран хамгаалагч гээд хуулийн хэллэг хүртэл байдаг биз дээ. Би шууд монгол хүүхэд гэж ийм, тийм байх ёстой гэж хэлж чадахгүй. Энэ талаар эрдэмтэн мэргэд судалсан байх ёстой. Нэг хүний үгээр зөв монгол хүүхэд гэж тодорхойлчихгүй шүү дээ. Монгол хүүхдийг зөв монгол хүүхэд мөн үү биш үү гэдгийг би тодорхойлж чадахгүй. Яагаад гэвэл миний хүүхэд өөр, би өөрийнхөө хүүхдийг мэднэ. Би Монголын бүх хүүхдийг мэддэг гэж хэлж чадахгүй. Монгол хүүхдийн шинж төрх гэж тодорхойлох уу, монгол хүүхдийн хүмүүжил төлөвшлийн үйл явцын үр дүн ямар байх вэ гэдгийг тодорхойлох уу, эсвэл монгол хүүхдийн үнэт зүйл гэж тодорхойлох уу гэдгийг ярьж дараа нь энэ шинж чанаруудын талаар ярих боломжтой болно. Тийм ч учраас шууд хэлж чадахгүй.
Ингэж заавал “Зөв монгол хүүхэд” гэж тодорхойлж байхын оронд хүүхдийн яг ийм асуудалд анхаараач гэсэн санал байна уу, өнөөдөр хүүхдүүдэд ямар бэрхшээл тулгарч байна?
Монголд хүүхдийн талаар цогц бодлого өнөөдрийг хүртэл байгаагүй. Чиглэл чиглэлээр явчихдаг. ЭМЯ гэхэд төрөх эмнэлэг гээд тусдаа салгаад явна. БШУЯ гэхэд зөвхөн сургууль, цэцэрлэгт байгаа хүүхдийг аваад явчихдаг. Тэгэхээр энэ мэтчилэнгээр салангид яваад байгаа юм. Тиймээс салбар хоорондоо нэгдсэн бодлоготой, хамтарч ажилладаг байх ёстой гэдэгт иргэний нийгмийн байгууллагууд санал нэг байдаг. Хүүхдэд тулгараад байгаа бэрхшээл асуудал гэх юм бол олон байгаа байх. Би зөвхөн боловсролын салбарт ажилладаг хүний хувьд хэлэхэд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх их зөрчигдөж байгаа.
Энэ бол салбар дамнаж шийдэгдэх ёстой асуудал байж магадгүй. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэгт орсныг нь БШУЯ хариуцдаг, эмнэлэгт очиж үзүүлснийг эмнэлэг нь хариуцаад эмчилгээ үйлчилгээгээ үзүүлээд явчихдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд их олон талын оролцоо хамтын ажиллагаа хэрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгийн наад зах нь төрөнгүүт нь оношилдог байх хэрэгтэй. Ямар хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, ямар согог гэмтэл байгаа, яаж эмчилж нөхөн засах, яаж дасгал хөдөлгөөн хийлгүүлэх, ямрыг нь боловсролын үйлчилгээ үзүүлж, ямрыг нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж засах, энэ хүүхэд дараа нь хэнд ч дараа болохгүй өөрөө өөрийгөө аваад явч чадах, хэрхэн үр бүтээлтэй иргэн болж төлөвших вэ гэдгийг цогцоор нь харж шийдэх хэрэгтэй. Тийм нөхцөл бүрдээгүй учраас эмчлүүлж чадахгүй, сургуульд явж чадахгүй гэртээ ч байж чаддаггүй хүүхэд бий болчоод байна.
Тиймээс хүүхдэд хамгийн ихээр тулгарч буй асуудал бол боловсролын чанар хүртээмжийн асуудал байхгүй юу. Түүнчлэн бидний байнгын ярьдаг асуудал бол цэцэрлэгийн хүртээмж, сургуулийн чанар, боловсролын чанар, дээд боловсрол мэргэжлийн боловсрол чанар ч гэсэн орно л доо. Жишээ нь энэ Засгийн газар эрдэм боловсролтой хүүхэд гэж ярьж байна. Гэтэл хуульд заасан тэр сурах орчныг хангах хангалттай хэмжээний сургууль барья гэсэн санал санаачилга одоо хүртэл гараагүй л байгаа. Өнөөдөр зам барья л гээд байгаа, за цахилгаан станц хэрэгтэй л байх, онгоц худалдаж авъя, хиймэл дагуул худалдаж авъя гээд байгаа юм. Тэгсэн мөртлөө монгол хүүхдийг 35, 35-аараа суучихдаг, нэг ээлжээр хичээллэдэг сургуультай болгоё гэж өнөөдөр хөрөнгө мөнгө гаргахгүй, бодлого зорилт гаргахгүй байна. Зөв монгол хүүхэд гэж ярихаас илүү дутагдаад байгаа асуудал энэ.
Бүх хүүхдэд хүрэлцээтэй, хүртээмжтэй барилга яагаад барихгүй байгаа юм? Дандаа гадаадын ЗГ-ын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэтчилэн дандаа гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд л сургууль цэцэрлэгээ барьж ирсэн. Харин улсын төсвөөрөө бол маш цөөхөн сургууль цэцэрлэг барьдаг. Энэ бол үнэхээр хүүхдийг, боловсролын салбарыг анхаарахгүй байгаагийн нэг илрэл гэж хэлмээр байна. Үүний оронд хүүхдийг хайрцаглах шахах, хүүхдийг мэргэжилдээ эзэн бай, завгүй бай, ажилч бай, эх орноо хамгаал, өрөөлийг энэрч асар, хариуцлага хүлээ, үүргээ биелүүл гээд шахаад байх нь төрийн бодлого байх ёсгүй гэж бодож байна.
Т.Жанерке
Эх сурвалж: http://society.time.mn/content/25168.shtml