1. Өглөөний цайгаа заавал уух: Өвөө, эмээ нарын хөгшрөх тусмаа жижигхэн болоод л байдаг нэг шалтгааныг мэдэх үү?
Хэрвээ бид өглөө болгон хооллочихоод гарч байвал хөөрхөн эмээ болсон хойноо ч ердийнхөөсөө тийм намхан болохгүй. Сандал дээрээ тохьтойхон суугаад цайгаа тайван оочлоход ердөө 3 минут л зарцуулна. Хичнээн яарч байсан ч насан туршийн чинь кальцийн хэрэгцээг хангах үүрэгтэй өглөөний цайгаа заавал уугаарай.
2. Хувцсаа индүүдэж өмсөх: Үрчгэр хувцас хичнээн аюултай гээч! Чиний талаар “За даа, энэ ч хайш яайш нөхөр байна даа” гэх ойлголтыг хүмүүст өгнө. Тиймээс индүүдлэгтэй срочканаас хэзээ ч бүү татгалзаарай.
3. Үнсүүлэх: Ганц үнсэлтийн ид шид гэж л энэ байх даа. Өглөө хичнээн яарч байсан ч ээждээ, эмээдээ, хайртай залуудаа гээд заавал хэн нэгний үнсэлтээр өөрийгөө цэнэглээрэй. Хэрвээ ганцаараа амьдардаг бол хөөрхөн нохойгоо, эсвэл цэцгээ үнсээд гарсан ч болно. Өдрийн туршид хаанаас гараад байгаа юм бол гэмээр урин зөөлөн сэтгэл, инээмсэглэл хоёр эрхгүй ундраад л байх вий.
4. Шатаар гүйх: Шатаар хурдан алхах цахилгаан шатаар явахаас хамаагүй хурдан гэдгийг мэднэ биз дээ? Яарч ядаж байхад чинь цахилгаан шат ямар ч хэрэггүй 3 давхарт нэг зогсоод л, 6 давхраас бас хүн аваад л байдаг. Хүлээж зогсохын оронд хөгжилтэй гэгч нь шатаар гүйгээд л гарчих. Нэгэн зэрэг өглөөний дасгал, эрч хүчийн энерги болж өгнө.
5. Хөөрхөн болох: Нүүрээ будахгүй ирээд ажил дээрээ кошлокоо дэлгэж суучихаад л будаж өгдөг бүсгүйчүүд бий. Буруутгахгүй л дээ. Гэхдээ нэгэнт л будахаас хойш гэртээ будаад гарсан ч болно шүү дээ. Хамгийн гол нь хичнээн яарч байсан ч чи гэрээсээ өөртөө сэтгэл хангалуун гарах нь чухал.
6. Халцарсан хумсны будгаа арилгах: Өчигдөр дутуу арилгаад унтчихсан бол өглөө нь заавал гүйцээгээд гараарай. Цэвэрхэн, тунгалаг хумс хэмнэж олсон хэдэн минутаас чинь ч илүү “үнэ цэнэтэй” байж мэднэ. Орой нь гэнэт сонгодог тоглолтонд явахаар болбол яана? Хамт ажилладаг хүмүүсээсээ ацетон асууж байснаас гэрээсээ л “асуудалгүй” хумстай гарах хэрэгтэй.