“Hamba” фильм студийн “Улаан дөрвөлжин” нэртэй уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Сэтгэлгээний драм болох уг бүтээлийг “Z frame”, “Nesco film sound” студи хамтран бүтээжээ. Кино зохиолыг Д.Золзаяа, Л.Таванбаяр нар бичсэн бол ерөнхий найруулагчаар Б.Ганболд, ерөнхий зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од нар ажилласан байна. “Улаан дөрвөлжин” киноны гол дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Н.Ялалт, А.Баттүшиг, Э.Батхүү, Б.Анхбаяр, Ө.Иөнгөнтулга, Д.Ганцэцэг, Гавьяат жүжигчин Д.Равдан, Гавьяат жүжигчин С.Дамдин нар тоглосон аж.
“Улаан гурвалжин” кино нь хоёр дуутай бөгөөд “Булсара хамтлагийн “Тэнгэрт нэг удаа“ дууг эл кинонд зориулан шинэчлэн найруулжээ. Түүнчлэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын ая, Л.Таванбаярын үг “Замбуулинд ганцхан миний тавилан” нэртэй бүтээлийг киноны дуугаар сонгосон байна.
“Улаан дөрвөлжин” киноны үйл явдал сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өрнөдөг бөгөөд дарга, эмч нар болон сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийн хоорондын харилцааны талаар өгүүлдэг аж.
Б.Саруул-ОД