Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхийн хүн ам, оюуны хөгжлийн ид цэцэглэж ирсэн цаг хугацаа болох 1900-аад оноос хойш тэмдэглэж иржээ.
1908 оноос эмэгтэйчүүдийн дунд хүчирхийлэл, тэнцвэргүй байдалын эсрэг тэмцэх ярилцлагууд газар авч улмаар 1908 онд Нью Иорк хотноо 15000 эмэгтэйчүүд жагсаал хийн ажлын цагийг богиносгох, цалин нэмэгдүүлэх, эрхээ хамгаалуулахыг уриалж байжээ.
1909 онд Америкын социалист намын дэвшүүлсэн мэдэгдэлийн дагуу хамгийн анхны Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гаригт тэмдэглэх болжээ.
1910 онд Ажилчин эмэгтэйчүүдийн Олон Улсын Конфэрэнс Дани улсын Копэнхагэн хотод зохиогдож энэ цугларалтад 17 орноос зуу зуун эмэгтэйчүүд цугларчээ. Энэ хурлын явцад Германы улс төрч эмэгтэй Клара Зеткин Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхий нийтээрээ нэг өдөр тэмдэглэж байхаар санал дэвшүүлэн хэлэлцэж тогтсон байна.
1911 онд дээрх хурлын шийдвэрийг Копенхагенд хүлээн зөвшөөрч Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийг анх удаа Австри, Дани, Герман болон Швейцарт гуравдугаар сарын 19-нд тэмдэглэжээ.
1913 оноос энх тайвныг уриалагч Орос эмэгтэйчүүд Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан уулзацгааж уг баярыг гуравдугаар сарын наймны өдөр тэмдэглэж байхаар хэлэлцэж тохирчээ. Тэд 1914 оноос хойш дайны эсрэг, эмэгтэйчүүдийг цэргэжилтээс чөлөөлөхийн төлөө тэмцэж эхлэсэн байна.
1917 онд дайнд амь үрэгдсэн 2 сая орос цэргүүдийн хойноос оросын эмэгтэйчүүд “талх ба энх тайван” нэртэй бослогыг 4 өдрийн турш өрнүүлсэн боловч эзэн хаан хоёрдугаар Николай хүчээр тараасан байна.
1918-1999 Социализмын нөлөөтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөр улам илүү хөгжин дэлгэрч жил бүр зохион байгуулалт нь сайжирсаар 1975 оныг Олон Улсын Эмэгтэйчүүдийн Жил болгон зарлаж байжээ.
2000 он гэхэд энэ баяр Хятад, Армен, Орос, Азербайджан, Беларус, Болгар, Казахстан, Киргизстан, Македон, Молдова, Монгол, Таджикистан, Украйн, Узбекистан болон Ветнам зэрэг орнуудад албан ёсны баяр ёслолын өдөр болон өргөжиж иржээ.
Тогтсон уламжлалаар бол эрчүүд ээж, эхнэр, сүйт бүсгүй, ажлын түнш эмэгтэйчүүдээ бяцхан бэлэг сэлт цэцэгээр баярлуулах боловч зарим оронд хүүхдүүд нь ээждээ болон эмээдээ бэлэг бэлдэж баярлуулдаг байна.
Өдийг хүртэл эмэгтэйчүүд болон тэдний эрхийг хамгаалахад мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрсэн боловч харамсалтай нь зарим оронд эмэгтэйчүүд одоог хүртэл нийгэмд эзлэх байр суурь, улс төр бизнесийн оролцоо, эрүүл мэнд, боловсролын талбарт эрэгтэйчүүдтэй харилцан тэнцвэргүй хэвээрээ л байна. Харин хамгийн томоохон ололт бол эмэгтэй хүнд сонголт хийх эрх нээлттэй болсон явдал юм. Сургуулийн охин сургууль төгссөнийхөө дараа цаашид үргэлжилүүлэн суралцах уу эсвэл гэр бүл зохиох уу гэдгээ өөрөө шийдэх эрхтэй болсон энэ эрх чөлөөний төлөө, өнгөрсөн муу муухайг дурсан санаж, өнөөдрийн сайн сайханыг талархан тэмдэглэх өдөр билээ.
Жил бүрийн гуравдугаар сарын наймны өдөр дэлхий даяар эмэгтэйчүүдийн төлөөх баяр ёслол, уулзалт цуглаан, засаг захиргааны арга хэмжээнүүд, зээл худалдаа, үзвэр үйлчилгээ, загварын үзүүлбэрүүд зохиогддог байна. Гэхдээ бид үүнээс илүү өөрчлөлтийг хийцгээе! Өдөр бүрийг Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөр болгохын төлөө, бяцхан охинд гэрэл гэгээтэй, эрх тэгш, амар амгалан ирээдүйг бэлэглэхийн төлөө дэлхийн хэмжээнд сэтгэж, дэргэдэх нэгнээ хайрлаж амьдарцгаая!
Орчуулгын эхийг http://www.internationalwomensday.com/default.asp сайтаас авав.