Хүүхэд унтахаар зэхээд орондоо орчихсон байж байгаа энэ үед ээж нь (аав нь) хажууд нь суугаад, унших номоо хамт сонгоод хорь – гучин минутыг уншлаганд зориулна гэдэг нь та хоёр энэ уншлагаасаа таашаал аваад зогсохгүй – үнэлж баршгүй, насан туршийн дотно харьцаа, харилцан ойлголцлыг ч олж авдаг ач холбогдолтой юм.
Орчин үеийн бидний амьдрал байнга л яарсан тэвдсэн, эсвэл ядарсан байдалтай байх тул ойр дотныхонтойгоо ч аажуу уужуу харьцах зав байхгүй, баяр ёслолын үеээр л нэг ширээний ард суудаг болсон нь хүүхдүүд эцэг эхээсээ холдох, тэдний хоорондох сэтгэлийн харьцаа улам сулрах нөхцлийг бүрдүүлж байна. Хүүхдийн хувьд эцэг эх гэж өглөөд босгож яаруулж сандруулан хувцаслуулаад сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг, дараа нь сургууль цэцэрлэгээс нь гэртээ авчраад хооллодог, тэг – ингэ гэж даалгавар өгөх болон хориг тавьдаг, оройд ор руу нь хөөдөг – ийм л үүрэгтэй хүн болж хувираад байна.
Одоо тэгэхээр яах вэ? Ажлаасаа гаралтай нь биш? Бусад чухал ажлаа цааш тавиад хүүхэдтэйгээ тоглоод суух боломж бас хомс…
Гэхдээ, аз болоход эцэг эх хүүхдийн нандин холбоосыг барин бэхжүүлэх энгийн бөгөөд шалгарсан арга байгаа бөгөөд үүнд танаас тийм ч их цаг зав шаардагдахгүй юм. Өглөө хүүхдээ босгохдоо “Сайхан нойрсов уу, миний хүү? Өглөөний мэнд!” гэж хэлээд үнсэх, сургууль цэцэрлэг рүү нь оруулахдаа бас толгойг нь илээд үнсэх, тэгээд хамгийн гол нь оройд хэдэн минут зарцуулж орондоо орсон хойно нь 30 – хан минут ном уншиж өгөхөд л хангалттай шүү дээ. Оройн амар амгалан байдал, итгэлцлийн уур амьсгал, ном унших нэгэн ажил хэрэг – энэ бүхэн өдөр тутмын уламжлал болоод ирэхээрээ ямар ч үг хэл, ямар ч гоё бэлэгнээс илүүтэйгээр хүүхдэд чинь таны хайрыг мэдрүүлнэ. Үүнээс гадна ийм сайхан уур амьсгалд уншсан ямар ч ном маш гүнзгий эмоци төрүүлдэг учраас хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх хамгийн төгс хөдөлгүүр болдог. Цаашид, хүүхэд чинь сургуульд орохоороо нэн их сурах сонирхолтой, хичээлийн номоо ч амтархан уншдаг болно. Амьд харьцаа гэдэг бол ямар ч сургамжтай хүүхэлдэйн кино болон нэвтрүүлэгтэй харьцуулалтгүй өгөөжтэй юм шүү!
Хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ л харьцаарай: ингэх ёстой гэсэн үүднээс биш, хүүхэддээ хайртай болохоороо л түүндээ орой болгон ном уншиж өгч байгаарай! Хүүхэд маш мэдрэмтгий байдаг юм, үүнд эргэлзэх хэрэг байхгүй…
Орчуулсан Ё. Одончимэг,