НАМЭХ-ноос хөл хорионы үеэр цуврал цахим сургалт хийх санаачилгыг эхлүүлсэн билээ. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Үндэсний уламжлалт уран хатгамлын багш С.Ганцэцэгийн “Соёлын биет бус өв болох дан зүү ороох хатгамлыг хэрхэн оёж сурах вэ?” сэдэвт сургалтын агуулгыг хүргэж байна.
“Уран хатгамал нь манай ард түмний уран гар, оюун ухаан, уйгагүй хөдөлмөрөөр үүсч, хөгжиж, өвлөгдөж ирсэн гайхамшигт соёлын өв юм. Хатгамалч хүн уран бүтээлээ ихээхэн тэсвэр тэвчээр гаргаж урладаг учраас юманд тогтвортой, тууштай, аливаа зүйлд тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй ханддаг болж хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлдөг. Бүх анхаарлаа зөвхөн хийж байгаа зүйлдээ төвлөрүүлэн урладаг учраас нэг төрлийн бясалгал болж, сэтгэл зүйн хувьд эерэг хандлагатай болдог.
Гэр бүлийн уур амьсгалд ч эерэгээр нөлөөлж, хайр сэтгэлийн гагнаас болдог гэж үздэг. Нөхөртөө хөөрөгийн даалин урлаж өгсөн гэр бүл салж байсан түүхгүй гэх яриа бий”хэмээн С.Ганцэцэг багш сургалтынхаа эхэнд онцолсон.
Монголын соёлын биет бус өв болох зүү ороох хатгамлын суурь оёдол нь шаглаа оёдол байдаг.Шаглаа оёдол нь гар оёдлууд дотроос хамгийн бөх оёдол юм.
Зүү ороох хатгамлыг оёхдоо торгон нарийн утас болон нарийн шувтан сүвэгчтэй зүүгээр хатгадаг. Зүү ороох оёдлын хоёр зүү хоёр утсаар, нэг зүү хоёр утсаар ч оёж болно. Зүү ороох хатгамлыг 3 ангилна.
- Дан зүү ороох
- Давхар зүү ороох буюу хос зүү ороох
- Хөөмөлтэй зүү ороох
Зүү ороохдоо нар зөв, буруу алинаар нь ч ороож болно. Гэхдээ нар зөв ороосноор оёдол, хээ илүү тодорч харагддаг гэлээ.
Дан зүү ороох хатгамлыг хэрхэн оёх аргачлал:
- Дээрээс доош эгц хатган, 1 мм-ийн зайн доороос нь дээш мөн эгц зүүгээ хагас хатгана
- Дээд талынхаа утсыг цагийн зүүний дагуу нэг бүтэн орооно
- Зүүн гарынхаа эрхий болон долоовор хуруугаараа зүү ороож байгаа утсыг зүүнд нь тултал чимхэнэ
- Хагас хатгасан байгаа зүүгээ гүйцэт сугалж татна
- Дээд тал руу нь буюу ар тал руу нь хатгаж гогцоогоо даруулж шаглана.
Дан зүү ороох аргачлалаар монголын үндэсний хээ угалзыг олон өнгийн утсаар дагнаас гарган/3-9 эгнээгээр өнгө уусган/ урладгаараа онцлог. Амьтны болон бусад дүрсүүдийг хөвөөлж, өнгө хоршиж, гэрэл сүүдрийг тохируулан байгалийн төрхийг нь гаргах боломжтой байдаг. Дагнаасын эгнээ хооронд зай гаргахгүй, хатгалт хоорондын зайг жигд, хэт сул болон чанга биш жигд оёохыг чухалчлах хэрэгтэйг “Монголын Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн Үндэсний уламжлалт уран хатгамлын багш С.Ганцэцэг зөвлөсөн юм.