Монгол цэргийн баярыг Булган аймгийн төв хөдөөд өргөн тэмдэглэлээ.
Сумдын Засаг даргын тамгын газрууд Монгол цэргийн түүхэн замнал, алдар гавьяа, батлан хамгаалахын бодлого шийдвэр, цэргийн алба хаах үүрэг чиглэлийн талаар иргэд, нэн ялангуяа хүүхэд залуучуудад сурталчлах, уулзалт ярилцлага хийх, дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, цэргийн насны залуучууд болон хөвгүүдийн эр зориг, авхаалж самбааг сорьсон уралдаан тэмцээн явуулах, цэрэг, армиар бахархсан урлаг соёлын тоглолт бэлтгэн үзүүлэх зэрэг олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгууллаа.
Түүнчлэн аймгийн Засаг даргын тамгын газар цэргийн штабаас зохион байгуулсан арга хэмжээнүүд олны талархал хүлээсэн байна. Тэдгээр ажлын заримаас аймгийн цэргийн штабын мэргэжилтэн Ч.Энхбаяраас тодрууллаа.
-Аймгийн төвийн дунд сургуулиудын ахлах ангийнхны дунд цэрэг, эх орны сэдвээр уулзалт ярилцлага хийлээ. Цэргийн байгууллагаас болон аймгийн цэргийн штабт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Хүчний гурван төрөлтийн буюу пауэрлифтингийн тэмцээн зохион байгуулж 75,-85,+85 жинд 30 гаруй эрчүүдийг оролцуулсан маань ихээхэн өрсөлдөөнтэй боллоо. Аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчдын дунд цэрэг эх орны сэдвээр урлагийн үзлэг явуулсныг шинэ хэлбэрийн арга хэмжээ гэж үзэж байна. Мөн тамгын газрын ажилтнуудыг компьютерийн SCAT программаар буудлагын тэмцээнд оролцуулсан. Энэ тэмцээний дүнгийн талаар нэг зүйл онцлон хэлэхэд эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү онц мэргэн байлаа. Тухайлбал, нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэг түрүүлж, хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа гуравт шалгарч, эрэгтэйчүүдээс хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Буманбаяр хоёрдугаар байрт орсон. Мөн марш тактикийн тэмцээн зохион байгуулсан гэв.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг марш тактикийн уламжлалт тэмцээнийг цэрэг эрсийн ажил, амьдрал өрнөж байдаг газарт буюу Тэшиг суманд байрладаг Хилийн цэргийн ангид зохион байгуулснаараа онцлог болжээ. Цэрэг эрсийн сүр жавхлан болсон жагсаалын үзлэгээр эхэлсэн энэ арга хэмжээгээр хорт нөлөөнөөс хамгаалах баг өмсч утаатай нөхцөлд авран хамгаалах үйл ажиллагаа явуулах, гарын хүчээ сорих, гардан тулалдах зэрэг төрлөөр үзүүлэх тоглолт хийсний дээр арван км газрыг гүйж туулах зам зуураа мөлхөн шургах, үсрэн харайх үйлдлийг хурдан гавшгай хийж, гранат шидэн буугаар буудан хараа цэцээ сорьцгоосон нь ихээхэн өрсөлдөөнтэй болсон байна. Мөн тэдгээр байгууллагын удирдлагуудын дунд явуулсан буудлагын болон бельярдын тэмцээнд Зэсвэгт хүчний 0234, Хилийн цэргийн 0286 дугаар анги, аймгийн тагнуулын алба, цэргийн штабын баг илүүрхэн оролцож эхний байруудад шалгарчээ.
Нийт 50 гаруй тамирчин оролцсон энэ тэмцээнд Зэвсэгт хүчний 0234 дүгээр ангийн баг түрүүлж, удаах байрт Тэшиг сумын Хилийн цэргийн 0286 дугаар анги, аймгийн онцгой байдлын газрын баг шалгарсан байна. Хялганат тосгон дахь Зэсвэгт хүчний 0234 дүгээр анги өнгөрсөн хоёр жилийн амжилтаа тийнхүү бататгаснаар шилжин явах цомыг үүрд хадгалах болжээ. Хилийн цэргийн 0286 дугаар анги уран сайханчид “Хилчдийн дуулал” концерт тоглож тэмцээнд оролцогчдыг ая дуугаар хөгжөөсөн байна.
Булган аймаг. Ж.Мөнх-Очир