Гандуу намрын үдэш сэтгэлээрээ дэлбээлж
Ганцхан орчлонд хосоор явж дээ бидэн хоёр
Гарч одсон үүдээр чинь орох болгондоо дурссаар
Гарын арван хуруунаас талийж өгч дээ он жилүүд
Чамд алгадуулсан хацраа энхрийлэн илбэж
Чандган сарны дор доголон нулимстай мишээж
Хуримын чинь өдөр цэцэг бэлэглэсэн гараараа
Хундага хага шидэж, ширээ балбан гансарч
Инээсэн зургийг чинь нулимстай нүдээр ширтэж
Илүүдсэн атлаа жаргалтай хүний дүр эсгэж
Ижил гэрэлт оддын дор сондгойрон бүүдийж
Ихэр цагаан сарны дор ганцаардаж явна аа янаг минь
Өөрийн минь өвөрт өрөөлийг бодон шаналсаар
Өдөлж ниссэн шувуу томоогүй чиг амраг минь
Чамд зориулсан шүлгийг оргүй мартсан шигээ
Надад чи одоо мартагдах болоогүй юу хайрт минь
Хө бэй. Чөн дө 2011 он
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Болор цомын эзэн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг Улаанбаатар хотод төрсөн. Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голын уугуул. 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Улаанбаатар Сургуулийг археологич мэргэжлээр төгссөн. 2003 онд тус сургуульд магистр хамгаалсан. Одоо Өвөр Монголын Их Сургуульд докторантурт суралцаж байна.
До.Болдхуяг 2000 онд “Миний жаахан Амбуунаа”, 2005 онд “Чинад нууцхан сэтгэл”, 2007 онд “Эсэруагийн охины хоолойн чимэг”, 2009 онд “Хундага сарны онгод”, 2011 “Мянган оны хойно” (монгол бичгээр) зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлсэн. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн.