Уг албан бичигт, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын офшоор бүс дэх нууц данстай холбоотой мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ бол улстөрийн өндөр албан тушаалтан татвараас зайлсхийж, мөнгө угаах хэрэгт холбогдсон байж болзошгүй нь илэрсэн Монголын анхны тохиолдол юм. Монголын төр үүнд байдаг л нэг тохиолдол мэтээр хандан таг чиг суух нь гадаад орчин болон иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлж байна. Энэ буруу үйл явдал цаашид ч буруу жишиг тогтоож болзошгүй. УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой ноцтой мэдээлэлтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
Нэг. УИХ-ын гишүүн гадаадын офшоор бүсэд компани бүртгүүлэн, Швейцарийн банкинд нэг сая долларын данс нээсэн, түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй нь ёс зүйн хариуцлага тооцоод өнгөрөх энгийн алдаа гэж үзэхгүй байна. С.Баярцогт нарыг татвараас зайлсхийх, хууль бус бизнес эрхэлж мөнгө угаасан агуулгаар ICIJ олон нийтэд мэдээлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн С.Баярцогтыг УИХ-ын гишүүний ёс зүйн байнгын хороогоор оруулан түүнд хуулийн дагуу хариуцлага тооцох бололцоо олгох ёстой гэж үзэж байна.
Хоёр. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын нэгдэл (ICIJ) цахим хуудсанд мэдээлснээр С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа гаднын уул уурхайн компаниудыг Монголд оруулж ирэхэд гол үүрэг гүйцэтгэж тэргүүн эгнээнд байсан, тэдэнд татварын хөнгөлөлт үзүүлж, бизнесийн таатай орчин үүсгэсэн нь Оюутолгойгоос авах Монгол Улсын ашгийг бууруулсныг онцлон дурджээ. Гадны офшоор бүсэд бүртгэлтэй түүний компанийн Швейцарийн банкинд данс нээлгэсэн цаг хугацаа Оюутолгойн гэрээ байгуулагдсан цаг үетэй давхцаж байгаад бид зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой.
Хэрэв гэрээг байгуулах үйл явцад авилга авсан, өгсөн нь хожим боловч тогтоогдвол гэрээ хүчингүй болох үндэслэл болох тухай Оюутолгойн гэрээнд заасан. Энэ ноцтой үйлдлийг мухарлан шийдвэрлэх нь монголчуудын нийтээрээ сэтгэлээ чилээж байгаа Оюутолгойн алдаатай гэрээний хувь заяанд нөлөөлөөд зогсохгүй Монгол дахь хууль бус бизнес, авлигатай холбоотой том сүлжээг илрүүлэх түлхүүр асуудал болоод байна. Иймд уг асуудлыг нцхацтай авч үзэж ул суурьтай хандаж мухарлан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Аливаа шударга бүс үйлдлийг хаацайлж өмгөөлөхгүй байх, авлигыг үл тэвчих хандлага, хууль иргэн бүрд тэгш үйлчлэх зарчим, шударга ёсыг нийгэмд тогтоох чин эрмэлзэл хамгийн түрүүнд УИХ дотор байх ёстой. Тэр тусмаа олонхийг бүрдүүлж, шинэчлэлийг уриалж байгаа Ардчилсан намын бүлгийн хувьд хэрэг явдлыг шударгаар шийдвэрлэхэд гойд анхааран ажиллах үүрэгтэй. Үүссэн асуудлыг УИХ-ын хүрээнд авч үзэж анхаарлаа хандуулан холбогдох арга хэмжээг авч ажиллана уу гэжээ.