Балбын “Интертайнмент” компаниас жил бүр Катманду хотод зохион байгуулдаг “Мисс Монгол” тэмцээн боллоо. Тэмцээн нь дэлхий нийтээр тархан суугаа Монгол гаралтай охидын ур чадвар авьяасыг нээхийн зэрэгцээ Монгол туургатнуудыг нэгтгэх зорилготой юм. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Мисс Монгол” тэмцээнд Балбын 28 сайхан бүсгүй оролцож, авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна.
Тэднээс Мускан Лимбуу тэргүүн байрт шалгарч,Улаанбаатар хотод зочлох урилгаар шагнуулжээ. Түүнчлэн “Дэлхийн Монгол” гарал үүсэлтэнгүүдийн төвөөс тэмцээнд оролцсон мисс охидод Чингис хааны 850 жилийн ойн маркийг тусгайлан жаазлуулж, “Дэлхийн монголчууд” ном, дурсгалын зүйлийн хамт бэлэглэжээ. Түүнчлэн ирэх жилийн тэмцээнд Энэтхэг болон Монголын охидыг оролцуулж өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөжээ.