Хятадын нэгэн оюутан ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд багтсан 962 газрыг үзэх аялалд гарах гэж байна. Хоёр жил үргэлжлэх аяллын туршид саятан хятад залуу нэгдүгээр зэрэглэлийн онгоцоор нисч, George V, de Parнs, Taj Mahal Bombay зэрэг 5-6 одтой зочид буудалд тухлах аж. Аялалын үнэ 1.2 сая доллар. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалддаг VeryFirstTo.com компани нэг сарын өмнө энэ аяллыг санал болгохдоо амжилт олно гэж бодсонгүй. Гэтэл хэдхэн хоногийн дотор энэхүү мөрөөдлийн аяллыг 15 хүн сонирхож буйгаа илэрхийлжээ. “Энэ аяллыг зарлахдаа зарагдана гэдэгт итгээгүй. Ер манай бүтээгдэхүүнүүд зарагдахгүй байх нь хэвийн тохиолдол” хэмээн VeryFirstTo.com компанийг үндэслэгч Марсел Нобил “The Guardian” сонинд ярилаа.
Эцсийн эцэст нэрээ нууцлахыг хүссэн адал явдал хайгч нэгэн хятад залуу Хүн төрөлхтний соёлын өвийг хадгалж байгаа 150 орноор аялахаар болжээ. Харин хамгийн аюултай улс орнуудыг орхиж байгаа аж. Үүнээс гадна, мань эр ганцаараа, эсвэл өөр хүнтэй хамт аялахаа шийдэж болно. Аяллын үнэд (1.2 сая доллар) зөвхөн нэг хүний зардал багтаж байгаа юм.
Нэг газарт нэг өдрийг зарцуулах тансаг аяллын “зогсоолууд”-ын дотор Энэтхэгийн Таж Махал, Камбож дахь Анкорын сүм, Египет, Мексикийн пирамидууд, Хятад дахь Хориотой хот, Иордан дахь Петрагийн сүм, Аризонагийн Их Хавцал, Бразил, Аргентины хил дээрх Игуазу хүрхрээ, Лондоны Цамхаг гүүр, Гранадагийн Алгамбра зэрэг алдартай газрууд байгаа аж. Аялалд нэгэн сайн тал байгаа нь нийт үнээс 10 мянган долларыг ЮНЕСКО-гийн Соёлын өвийг хамгаалах санд хандивлаж байгаа юм. Соёлын өвд бүртгэгдэж буй хөшөө дурсгал, байгаль, газар орны жагсаалт жил бүр нэмэгдсээр байдаг билээ. Дэлхийн Соёлын өвд багтсан өв соёлын тоогоор Итали улс (49) тэргүүлж, Испани (39) удаалдаг. Испанид биет бус соёлын өв хоёр байдаг нь Газар дундын тэнгисийн хоолны дэглэм болон фламенго бүжиг ажээ.
ЭХ СУРВАЛЖ:ЗУУНЫ МЭДЭЭ