Дэгжин залуусын эгнээнд нэгдээрэй
Хотын залуус жил ирэх тусам улам л дэгжин болж байгааг та анзаарч харсан уу. Тэд өмсч зүүхээрээ бусдаас ялгарахыг хүсдэг. Тэдний стилъ имиж өөрсдийнх нь сонирхлыг илтгэдэг. Нэг зун өмссөн хувцсаа тэд ирэх жил нь дахин өмсөхийг хүсдэггүй. Учир нь моод, загвар нь хэзээний хоцорсон байдаг. Цаг хугацаатай өрсөн өөрчлөлтийн эрэлд морддог залуусын энэ зуны хувцаслалтын чиг хандлага ямар байхыг “Шилмэл загварын ордон”-ы дизайнер Д.Өнөболор ийн тодорхойлж байна.
Тод өнгө эсвэл өнгийн давалгаа зонхилно
Дэлхийн хэмжээний томоохон загварын шоунаас харахад энэ зун хэд хэдэн загварын чиг хандлага зонхилохоор байгаа. Тодруулбал хар, цагаан өнгийн хослол. Түүн дээр нь геометрийн төрөл бүрийн дүрстэй байвал бүр ч содон. Мөн тод өнгийн цэцэгтэй хувцас, бага зэрэг үрчгэр материалтай байвал илүү сайхан харагдах болно. Бүсгүйчүүдийн энэ жилийн хувцаслалтад цэнхэр өнгө түлхүү байх болов уу. Дээрээс доош нь цэнхэр өнгийг тодоос бүдэг рүү нь уусгах маягаар хувцаслах нь энэ жилийн бас нэг онцлог байх болно. Заавал тодоос бүдэг рүү уусгах биш, бүдгээс тод руу нь тодруулж хувцаслах нь цэгцтэй, эмэгтэйлэг харагдуулна. Өнгийн давалгаа буюу энэ төрлийн хувцаслалт ямар ч насны төрөл бүрийн ажил эрхэлдэг хүмүүст зохино.
Цацагтай хувцас энэ жилийн гангараа
Эрээн цоохор хувцас ч орчин үеийн бас нэгэн трэнд. Бүсгүйчүүдээр зогсохгүй залуус ч төрөл бүрийн амьтан, ургамлын өвөрмөц зураг буюу хээтэй хувцсаар гангарах болсон. Энэ стилиэр хувцасласан хумүүс ердийнхөөсөө илүү цоглог, залуу жавхаатай харагддаг. Мөн цацагтай хувцас энэ зуны гангараа. Гутал, цүнх, нөмрөгийн аль нэг хэсэгт цацаг хийхэд л тухайн эдлэлийн стилийг маш өөр харагдуулна. Өнгийн сонголтыг дэлхийн загварын чиг хандлагаас харахад төрөл бүрийн тод болон неон өнгө зонхилно.
Бүсгүйчүүдийн гоёл чимэглэл том байх тусмаа сайхан
Гоёл чимэглэл заавал тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн зүйл байхгүй. Хүний сонголтын асуудал байдаг. Гэхдээ мэдээж загвар хийц хоцрогдоно гэж байлгүй яах вэ. Гоёл чимэглэлээ өмссөн хувцсандаа тохируулан сонгох нь зохимжийн хувьд сайхан харагдана. Гэхдээ бүсгүйчүүдийн энэ зуны гоёл чимэглэлийн нийтлэг шинж нь овор хэмжээ ихтэй, том байх болов уу гэж таамаглаж байна. Мөн гоёл чимэглэлээс гадна цүнх, бүс, малгай зэргээ хослуулбал сайхан харагдана.
Өндөр өсгийт халаагаа өгнө
Загвар хөөдөг залуу бүсгүйчүүд өндөр өсгийтөөс татгалзах байх. Яагаад гэвэл үргэлж ултай гуталнууд энэ зуны трэндийг тодорхойлох болно. Аль эсвэл бүр намхан углааш.
“Завьчны” малгай моод
Эрчүүдийн хувцаслалтад ч тод өнгө болон нату өнгө ноёлно. Тод өнгөтэй хувцсыг заавал өнгө хослуулалгүй, алаг цоог болгон өмссөн ч зүгзэр Малгай, бүсээр гангарах дуртай залууст зориулан зөвлөхөд, “завьчны малгай” гэгддэг хавтгай оройтой бүрх малгай залуусын гангараа болж буйг дэлхийн томоохон
фэйнга шоунуудаас харж болно. Ийм загварын малгай ямар ч насныханд янзтай зохидог.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН