…Өвөрлөгч бидэнд зарим талаар таагүй хандаж, ширүүлэхдээ “Хятад” хэмээн хочилдгийг чинь мэднэ.
Зөөлрөхдөө “Монгол л хүмүүс шүү дээ” гэж шархирдгийг тань үзсэн. “Түүхээ, хилээ тасдуулсан монгол түмэн бид нэгэн цул шүү дээ” гэж цаагуураа ойлгодогт нь бүр их баярланам…
Ар Монгол. Эрх чөлөө үнэртсэн газар. Цус нэгтэй ахан дүүс минь. Өргөн уудам нутагтай, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн монгол угсаатан. Он жилийн нугачаан дунд цусаа, хилээ хадгалж үлдэж чадсанаар тань бахархъя. Өвөрлөгч бидэнд зарим талаар таагүй хандаж ширүүлэхдээ “Хятад” хэмээн хочилдгийг чинь мэднэ. Зөөлрөхдөө “Монгол л хүмүүс шүү дээ” гэж шархирдгийг тань үзсэн. ‘Түүхээ, хилээ тасдуулсан монгол түмэн бид нэгэн цул шүү дээ” гэж цаагуураа ойлгодогт нь бүр их баярланам. Өвөрмонголын өөртөө засах орны иргэн би Шилийн гол аймагт, малчин айлын гэрт 1981 онд төрж, өссөн нэгэн билээ. Мал маллаж өндийсөн надад үнэндээ боловсрол гээчийг эзэмших боломж гарсангүй. Хожмоо хувь заяа минь намайг Эрээн хот руу хөтөлснөөр ар Монголын ахан дүүс гэж манайхнаас өөр Монгол угсаатан байдгийг, тэд биднээс нэгэн зүйлээр өөр, эрх чөлөөт тусгаар улсын иргэд гэдгийг таниулж, бахархах, татагдах сэтгэлийг минь оргилуулж билээ. Намайг Бүрэнбаатар гэдэг. Би монгол хүн.
Эрээнд ирж амьдарсаар юу эсийг үзэв. Анх ачаа ачдаг (грүшиг) ажил хийж, айлаар хоноглож явсан би өнөөдөр өөрийн гэсэн гэр оронтой, унах унаатай, жижигхэн ч гэсэн бизнестэй болжээ. Энэ хугацаанд монгол хүмүүстэй түншилж, хамтран ажиллаж ирсэн нь олон. Энэ олон жил (ойролцоогоор арав гаруй жил) монголчуудтай ойр амьдарсных олон ч найзтай болсон. Тэд намайг монголдоо ирээч гэдэг, би ч мөн ар Монголд очиж үзэхийг хүсдэг, мөрөөддөг байлаа. Гэвч Хятад Улсын хуулинд захирагдах учиртай бид паспорт авахаасаа нааш хилийн дээс алхах эрхгүй. Харин паспортыг монгол хүмүүс шиг насанд хүрмэгцээ авдаггүй. Би л гэхэд 2012 онд 31 настайдаа паспортоо гардаж авлаа шүү дээ (паспорт авах яршитай үйл явцыг өгүүлж та бүхнийг залхаагаад яах вэ). Ийнхүү паспорттой болсноор ар Монголд очих мөрөөдөл маань биелэх боломжтой болсон юм. Би ч цагаа нарийн товлож байж яг наадмын үеэр Монголыг зорихоор шийдэж, долдугаар сарын наймны өдөр галт тэргэнд суулаа. Маргааш гэхэд олонтаа сонссон, телевизээр үзсэн Улаанбаатар хотод бууна. Эрх чөлөөт монгол хөрсөн дээр хөл тавина гэж бодохоор сэтгэл донслоод нэг л биш. Нойр ч хүрэхгүй юм.
Миний хувьд бараг домог болтол нь бодсон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хөл тавилаа. Замдаа галт тэрэгний цонхоор энэ сайхан нутгийг харж, салхийг нь үнэрлэж ирлээ. Намайг Нэргүй хэмээх сайн найз, ажлын түнш маань машинтайгаа тосч авав. Би л Эрээнд очих бүрт нь тосч байснаас биш, ингээд угтуулах юм санаагүй явж. Бид эхлээд найзынхаа гэрээр зочилж хоноод маргааш гэхэд хөдөө гараад давхиж байх ёстой. Сүхбаатарын талбай, Зайсан толгойг очиж үзлээ. Бурхантай цогцолбор дээр зургаа авахуулав. Миний нутагт ч бас шарын шашин шүтдэг. Тийм болохоор энэхүү “аварга алтан бурхан” сэтгэлд дотно санагдав. Гэртээ хүлээн суугаа хань Үүрийнтуяа, насан өндөр болсон аав ээжийгээ, ганц хүүгээ даатган залбирлаа.
Монгол айл. Орчин үеийн монгол айл биднээс нэг их ялгарахгүй юм аа. Хоймортоо хадаг зүүж тавьсан морин хуур нь хүртэл адилхан шүү. Харин охиндоо төгөлдөр хуур хэмээх хөгжим тавьж өгсөн нь сайхан санагдлаа. Буцаж очоод ганц хүүдээ ийм хөгжим авч өгнө өө.
Бид Ланд хэмээх машинаар Архангай аймаг, Өгий нуурыг зорин довтолгож явна. Нэлээд хэдэн газраар орж үзээд наадам дууссаны дараа хот руу орж ирэх төлөвлөгөөтэй. Өглөө эртлэн хөдөлсөн болохоор өдрийн гурван цаг гэхэд аль хэдийнэ Өгий нуурын эрэг дээр сууж байсан юм. Энэ нуур цэнгэг устай, эргээрээ зэгс, шагшуурга элбэгтэй нүд алдам сайхан байгальтай газар юм. Загас, шувуу элбэг гэнэ. Бидний буусан жуулчны баазын хүн энэ нуурын тухай хүүрнэсэн юм. Нийт 25,7 километр квадрат талбайг эзэлсэн, хамгийн гүндээ 15,3 метр хүрдэг аж. Нуурын өмнөд эрэгт “нуурын музей” байх ба тэнд Өгий нуурын экосистемийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Ямар ч гэсэн алс хол Шилийн голд төрсөн Өвөрмонгол (заримдаа зүгээр л монгол гэмээр санагдахыг яана) залуу энд, Өгий нуурын эрэг дээр сууж байгаа нь нэг бодлын итгэмээргүй. Шөнө их сэрүүхэн хонох юм аа. Үүрээр даарсандаа сэрсэн би нуурын эргийг зүглэв. Гэтэл нар мандахыг хараад даарч сэрсэндээ баярласныг яана. Толигор цэнхэр нуурын мандал дээр улбар шар өнгөөр цацрах нарны туяа үгээр зураглахын аргагүй үзэсгэлэн төгс байлаа. Хоёрхон өдрийн өмнө л Эрээний гудамжинд алхаж явсан хүн шүү дээ. Нээрэн, нэгэн зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Биднийг байгалийн сайхан, усны шувуу, цэнгэг нуураас гадна нуурыг тойрсон олон олон амрагч, амралтын газар угтсан. Харин тэдний хаясан хур их хог хаа сайгүй байсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Ийм сайхан, санаа алдаад хараад л баймаар үзэсгэлэнтэй байгальд хогоо хаяж орхих зүрхтэй хүн гэж байдаг аа гэж бодмоор. Гэтэл бараг хүн бүр л архины шил, ундааны сав, гялгар уутаа хаа хамаагүй хаяж орхиод явсан байх юм. Бид ямар ч гэсэн хоёр тор хог цуглуулж авсан. Машинд маань илүү зай байсан бол бүгдийг нь цэвэрлээд буцмаар байсан шүү.
Өгий нуурын эрэг дээр хоёр хоноод монголчуудын эртний нийслэл домогт Хархорум хотыг зорилоо. Үе үеийн их хаадын өргөө, Улсын нийслэл байсан энэ газар өдгөө аялал жуулчлалын нэгэн чухал бүс болон хөгжиж буй нь сайшаалтай. Энд 2010 онд байгуулагдсан “Хархорум музей сүндэрлэж байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн дурсгал олдворуудыг энэ музейд цуглуулжээ. Үзэх үзмэр ихтэй юм. Хамгийн их сонирхол татсан зүйл бол эр хүний бэлэг эрхтнээр нэрлэгдсэн хад байв. Энэ хадыг үрийн заяа гуйсан эмэгтэйчүүд их зорьж ирдэг юм билээ. Дээр нь суучихаад л мөргөөд байх юм.
Алдарт Хархорумын туурины дэргэдэх Эрдэнэ зуугийн хийдийг дурсахгүй өнгөрч хэрхэн болох. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд Далайлам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэнэ. Үнэхээр сонирхолтой. Тэр эртний эд зүйлс, барилга байгууламж он цагийн уртад элэгдэлгүй байж байх юм. Хятадын цагаан хэрмийг үзэхэд ч сэтгэл ингэж хөдлөөгүй юм даг. Цагаан хэрмийг монголчуудын довтолгооноос хамгаалахаар барьсан гэдэг. Гэтэл өнөөдөр харийнхны сүнсийг зайлтал айлгаж, олон километр урт хэрэм бариулахад хүргэсэн монголчуудынх нь босгосон хотын туурь, тэднийг шашин шутэж байсныг батлах хийдийн өмнө би зогсож байх гэж.
Бид эндээс хот руу хүлгийн жолоо залж байна. Маргааш орой гэхэд би гэртээ очсон байна. Гэвч Ар Монголоор зорчсон дурсамж минь үүрд хадгалагдан үлдэнэ. Мөн энд даруулсан зурагнууд маань зургийн цомгийг минь чимнэ. Ирэх боломж л гарвал зориод л баймаар нутаг юм.
Р.СЭЛЭНГЭСАЙХАН
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН