Эмэгтэй хүний хувьд жин хасах, жингээ барих зэрэг нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй хэцүү байдаг. Зохистой хооллолтын мэргэжлийн эмч нарын үзэж байгаагаар үүний шалтгаан нь эмэгтэй хүнд биед байдаг остроген хэмээх дааврын нөлөөнөөс болдог байна.
Эр, эм хүйсийн хооронд биеийн, сэтгэлзүйн, нийгмийн төрлийн ялгаанууд олон байдаг боловч эмэгтэй хүний биед байдаг остроген хэмээх дааврын улмаас эмэгтэй хүний бие илүү өөхлөг бүтэцтэй байдаг байна.
“Эмэгтэйлэг даавар болох остроген нь эмэгтэй хүнийг илүү марайлаг, булчингийн бүтэц нь эрчүүдээс сул, үүнээс үүдэлтэйгээр хоол боловсруулах систем нь удаан ажиллагаатай байлгадаг гэнэ. Энэ нь эмэгтэй хүнийг амархан таргалж, хэцүүхэн турах чухал шалтгаан болдог байна.
Тусгай өдрүүдэд өөрийгөө удирдахад хэцүү байдаг
Дааврын өөрчлөлтүүд нь сарын тэмдэг анх ирж эхэлсэн цаг мөчөөс эхлэн эмэгтэй хүний биед их хэмжээний өөрчлөлтүүд оруулдаг бөгөөд “сар бүр хүнээсээ шалтгаалан хүний бие махбодь, сэтгэлзүй, хоолны дуршилд өөрчлөлт оруулж, биеэр хаван гүйж сарын тэмдэг ирэхийн өмнө эмэгтэй хүнийг нэлээд зовоодог. Жирэмсний үе, хөхүүл үе, цэвэршилтийн явцад эмэгтэй хүний биед өөрчлөлтүүд гарч, ер нь биеэ удирдан захирахад хэцүү болж, жин нэмэх хандлагатай болж эхэлдэг.
Эмэгтэйчүүд сэтгэлзүйн хувьд эрчүүдтэй харьцуулахад уян зөөлөн, эмзэг хүмүүс. Ийм учраас биед нь өөрчлөлт орж, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа үед ганцаардах, бусдад хаягдах, гомдох, бухимдах, ойр дотны хүнээ алдах гэх мэтийн хүнд цохилтууд давхар ирэхэд ихэнх эмэгтэй хүний хоолны дуршил нэмэгддэг учраас замбараагүй ихээр хооллож эхэлдэг гэсэн судалгаа байдаг.
Өөрийгөө гэр бүлдээ зориулсан эмэгтэй хүн хэт таргалах аюултай
“Ажлын орчин, найз нөхөд, спортоор хичээллэх гэх мэтийн өөрт зориулах цаг завын хувьд эрчүүд илүү давуу талтай байдаг. Тэгвэл эмэгтэй хүн хэзээ ч ийм эрх чөлөөтэй байж чаддаггүй. Ажил хийдэг ч, хийддэггүй ч байсан эмэгтэй хүн бүр өдөр тутамд гэрийн ажил хийж, хоол ундаа бэлтгэж, хүүхдээ асарна, нөхөртөө үйлчилнэ гээд хойшлуулж боломгүй олон ажилтай байдаг.Үүний зэрэгцээ таргалалт нь боловсролын төвшин доошлох, нас ахих тусам улам бүр нэмэгддэг. Гэрийн эзэгтэй нар ажил хийдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү тарган байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл гэр бүлдээ өөрийгөө зориулсан эмэгтэйчүүдийн хувьд таргалах хандлага өндөр байдаг гэнэ.
Туранхай болох гэсэн хүсэл эрмэлзэл
Эмэгтэй хүний сэтгэлзүйн өөрчлөлт нь жингийн асуудалд нөлөөлдөг бөгөөд “Өөрөөсөө бусдыг сайхан гэж боддог эмэгтэйчүүд өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй, өөрийгөө тийм сайхан гэж боддоггүй учир дотоод ухамсартаа итгэл муутай байдаг болохоор харин ч эсрэгээрээ өөрийгөө болон идэж ууж байгаа зүйлсээ хянаж чаддаггүй. Судалгаанаас үзэхэд өөрийгөө нэгдүгээрт тавьж чаддаггүй, бусдын төлөө өөрийгөө золиосолж байдаг эмэгтэйчүүд таргалах магадлал өндөртэй байдаг ньтогтоогджээ. Нөхөр, хадам ээж, аав, хүүхдүүд, гэр орон, хоол унд, гэрийн цэвэрлэгээ гээд бүхнийг амжуулж байгаа эмэгтэй хүн дээрээс нь загвар өмсөгч шиг гуалиг сайхан болох гэж бухимдвал хэцүүхэн асуудал үүсэж эхлэх нь мэдээж.
“Эрүүл мэнд талаасаа хүн бүр туранхай, гуалиг байх албагүй. Эрүүл саруул биетэй, зохистой хооллодог эмэгтэйчүүд 2-3 кг-ийн илүүдэл жинтэй байх нь тийм ч их түгшүүртэй зүйл биш юм.
40 настай эмэгтэй хүн, 25-тай үеийнхээ жинг мөрөөдөж болохгүй
Жингийн асуудалтай эмэгтэйчүүд энэ асуудлаа шийдвэрлэхдээ уян хатан байж, өөрийнхөө талаар дүгнэлт гаргахдаа бодитой байх хэрэгтэй. Жишээ нь: 40 нас хүрч байгаа хүн 25-тай байсан үеийнх шигээ байх гэж хичээх эсвэл сүүлийн 5 жилд 60-65 кг жинд хэлбэлзэж байсан байж, ганцхан сарын дотор 58 кг болох гэх зэрэг нь баримжаагүй зүйлс юм. Ингэвэл харин ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тухайн хүний сэтгэл санааг ч мөн хүнд байдалд оруулна. Жин барих зорилготой хоолны дэглэм нь хүний оюун санаа, бие махбодид зохицолдоотой байх ёстой. Үгүй бол хэтэрхий чанга, цөллөгөнд явсан мэт хоолны дэглэмийн дараа хүн юм бүгд рүү дайрч хаясан жингээ эргүүлээд авдаг талтай. Сэтгэл санааг цатгалан байлгаж, өөрийн дуртай хоол хүнсээ идэж байх нь хүнийг аз жаргалтай бөгөөд жингээ хадгалан амьдрахад тустай байдаг.
EEJBOLLOO.MN