Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн малчин бүсгүйчүүдийн ямааны сүүгээр хийсэн ааруул гаргууд сайхан амттай. Ааруулаа аймгийн брэнд төдийгүй улсын брэнд бүтээгдэхүүн болгож чадсан энэ нутгийн бүсгүйчүүд сайхан ааруул, цагаан идээ хийдэг арга туршлагаа үр хүүхдүүддээ өвлүүлдэг учраас Элгэний ааруул хэзээнээс нааш шагшигдсаар иржээ.
2008 онд ХААЯ- наас улсын брэнд бүтээгдэхүүний гэрчилгээн Элгэн багийнхны хийдэг ямааны сүүний ааруулд олгосон байдаг. Элгэний бүсгүйчүүдийн хийсэн ааруул андашгүй. Том дугуй хэлбэртэй, зузаан, тослог ихтэй, Ямар ч нөхцөлд хадгалсан чийглэгээ алдаж хатахгүй. Тэд ааруулаа хэрхэн хийдэгийг нь сонирхох завшаан олдсон ч мэдээж аймгийн брэнд бүтээгдэхүүний нууцыг яаж дэлгэх вэ. Бүсгүйчүүд ааруулаа хийхдээ аарц чанах тогоогоо маш сайн цэвэрлэхээс эхэлдэг юм билээ. Хэрвээ хусамны жаахан ч гэсэн үлдэгдэл байх аваас ааруулыг алаг цоохор болгочихдог. Хоёроос гурав хоног модон торхонд хадгалсан тарагаа хагас цаг хэртэй чанаж, өтгөрүүлэх зэргээр нарийн эрэмбэ дараалалтай. Чанасан аарцаа шүүхдээ уутны амыг боож, шар сүүг шүүрүүлж ааруул хийдгийг бид мэддэг. Түүнээс арай л өөрөөр Элгэний бүсгүйчүүд том ааруулаа гаргаж авдаг юм байна. Ааруулаа сүүдэр дагуулж хатаана. 8-10 дугаар сард ааруулаа хийвэл тослог, амт чанараараа илүү болдог гэж бүсгүйчүүд хэлж байсан.
Элгэнийхэний хийдэг шиг ааруулыг Дундговь аймгийн аль ч сум багт хийдэггүй тул энэ ааруул Гурвансайхан нутгийн нэг онцлог болдог юм. Ааруул сайхан болох нь малын тарга тэвээргээс ихээхэн хамааралтай аж. Тухайлбал Элгэн багийн малчид мал сүргээ оторлон таргалуулах, тарга хүчийг тогтоох талаар ажиглалт хийж, хаврын цагт тарга хүчийг алдагдуулахгүй байхад гойд анхаардаг байна. Тарга хүч сайтай малын сүү нь тослог ихтэй учраас цагаан идээ нь хүртэл тослогтой, өег болдог ажээ.
Элгэний бүсгүйчүүдийн хийсэн ааруул эрэлт ихтэй. Тэд жилдээ нэг тонноос илүү ааруул борлуулдаг агаад 10-13 мянган төгрөгөөр нэг кг ааруулаа борлуулдаг гэж бодоход өрх гэрийнхээ орлогыг өсгөж, амьжиргаагаа сайжруулахад ихээхэн нэмэр болдог байна.
Дундговь аймаг. Т. Отгонтуяа