Эмч нарын буруутай үйлдлээс шалтгаалсан эх, үрийн эндэгдэл хэрээс хэтрэх боллоо. Энэ сарын 25-нд Нэгдүгээр төрөхөд нэгэн бүсгүй эсэн мэнд амаржаад, нэг хоноод л эмнэлгээс гардаг заншлаараа гэртээ харьсан байна. Гэвч дөнгөж нярайлсан эхийн бие хоёр хоноод л халуурч, хүндэрсэн тул яарч сандарсан ар гэрийнхэн нь нярайлсан эмнэлэгт нь авчиртал хагас, бүтэн сайн гээд амралтын өдрүүд таарсан гэдэг шалтгаанаар нэгдэх өдөр ир хэмээгээд хүлээж авах эмч олдоогүй байна. Үүний улмаас хоног алдан хоёр дахь өдөр яаралтай хагалгаанд оруулахад удаан үргэлжилсэн хагалгааны дараа буюу оройн 20 цагийн үед “Уучлаарай, танай хүн хагалгаагаа даалгүй өнгөрчихлөө” гэж хэлсэн аж.
Хамгийн аймшигтай нь тухайн бүсгүйн стори буюу төрсөн эхийн түүхийг уг эмнэлгийн эмч нар сольсон байжээ. Тодруулбал хөөрхий бүсгүйн аминд хүрсэн эмч нар сторид нь цусны өвчтэй гэдэг үг, өгүүлбэр оруулан өөрчилж, өдгөө өөрсдийгөө хамгаалахаар үгсэн хуйвалдацгааж байгаа сурагтай.
Ер нь дэлхий дахинаа төрөхөөс болж нас барах эхийн эндэгдэглийг эмч нарын хамгийн хариуцлагагүй үйлдэл гэж үздэг байна. Учир нь эх байгалийн жамаараа төрж байгаа учраас эндэх шалтгаан байхгүй, эндвэл зөвхөн эмч нарын буруутай үйлдэл гэж үздэг байтал манайд эхийн эндэгдэл гарсаар байна. Тиймээс эмэгтэйчүүд, эхчүүд бидэнд аюулын харанга дэлдээд байгааг энэхүү хөөрхий бүсгүйн харамсалтай түүх харууллаа. Өнөөдөр та, би хэн ч төрж болно, гэвч төрөх биш үхэх аюул дэргэд байна.
Өдгөө нэгдүгээр төрөхийн эмч нар хариуцлагаас мултрах аргаа олж ядан ар гэрийнхэнд нь тайлбар өгөхөөс татгалзаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүйн аав юунаас болж охин нь амь насаа алдсаныг тодруулахаар өдөржин эмч нарын үүд сахисан ч сэтгэлийн зовлонд шаналж суугаа түүнийг үл тоож, ийшээ яв, тийшээ яв, тэр эмчээс тодруул хэмээн нааш, цааш нь явуулж өдрийг баржээ. Тэрээр нүдэндээ нулимс цэлэлзүүлэн гомдолтой байгаагаа дуулгасан байна.
Болсон явдлын талаар Нэгдүгээр төрөх эмнэлгээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн байсангүй. Тус эмнэлгийн мэдээлэл өгөх эрх бүхий дарга, эмч нар амралтаа аваад явчихсан гэж байлаа. Харин Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан нь “Энэ талаар 14 хоногийн дараа мэдээлэл өгнө. Одоогоор юунаас болж амиа алдсаныг нь тогтохоор шинжилгээ хийж байгаа” гэлээ.
Тус эмнэлгээр үйлчлүүлэгчид ярихдаа “Энэ хэргийг маш их нууцалж байгаа юм шиг байна лээ” гэсэн юм. Тэгэхээр эмнэлгийнхний буруу үйлдлээс болж нэгэн сайхан ээж, хүний хань, аавын охин хорвоогоос одсон уу гэх хардлага төрж байгаа юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10550