Мисс Б.Гантогоогийн төрсөн дүү нь мисс эгч шигээ маш үзэсгэлэнтэй бас шүлэг бичдэг, яруу найргийн онгодтой бүсгүй байдаг аж. Эрхэм уншигч та бүхэндээ мисс Б.Гантогоогийн дүү Баярхүүгийн Канагийн шүлгүүдээс толилуулхаар энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
“Эр хүн та уйлах эрхтэй”
Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод
Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй
Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө
Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй…
Хатуу амьдралын даваанд бүдчих аавын хүү
Хорвоод үрээ харж амьлаагүй эр хүн та уйлах эрхтэй
Хан хорвоод бүүвэй аялах дутуу заяагаа зүхэж
Хориод яахавдээ сэтгэлээ онгойлго эр хүн та уйлах эрхтэй…
Тэмтчээд явах зүрхтэй л юм чинь өөрийгөө өрөвдөж
Тэрүүхэндээ шүд зуун яс заагаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Тэнэтэр тунтар гээд бүдэг бадаг алхах үрээ харан догдолж
Тэнгэрлэг хувь тавиландаа талархан эр хүн та уйлах эрхтэй…
Андаа өмөөрч нүглийн өмнүүр аавын хаалга татахдаа
Анисгандаа ээжийгээ өрөвдаж эр хүн та уйлах эрхтэй
Аргадаж барамгүй хүний хорвоо хатуурхан аавыг тань авсан ч
Аархал дунд сэтгэлээ бариад яахав эр хүн та уйлах эрхтэй…
Хорвоо таны өмнө сөхөрч бөхөлзөхөд баярлаж
Хундага сөгнөн зогсох эр хүн та уйлах эрхтэй
Хувирашгүй гэж бодон итгэсэн амраг нүүр бууруулахад
Хоосон лонхоор сэтгэлээ дүүргэлгүй эр хүн та уйлах эрхтэй…
Ядмаг заяанд төрсөн тавиланд хатуурхаж гомдовч
Ядарсан ч би эр хүн гэж тэсээд яахав эр хүн та уйлах эрхтэй
Ядам хурууны бэлзгээр гангарсан ижилээ харан гонсойхдоо
Яг иймийг зүүнэ гэж амлалтандаа өргөл болгож эр хүн та уйлах эрхтэй…
Уураг сүү хөхөж өссөн монгол эр хүн юм чинь гэж тэвчээр заагаад яахав
Унаж босохдоо өвдсөн өөрийгөө аргадаж эр хүн та уйлах эрхтэй
Уурга барин адуу зүслэн явах заяандаа омогшсон босоо хийморь
Уналтаасаа ололтыг өвөртөлж сэтгэлээ дүүргэн эр хүн та уйлах эрхтэй…
Хөөрөг зөрүүлэн мэндлэх хүнтэй нударга зөрүүлэх үе бий энэ амьдралд
Хүний хүү эцгээрээ өмөөрүүлж илүүрхээ л биз уйл эр хүн та уйлах эрхтэй
Харахын заяа байхаас хазах хувь дутсан үйл болгонд толгой гудайхдаа
Хувь дутсан эр хүн гэж өөрийгөө буруутгахаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Ажил амьдрал бүтэлгүйтэх үед биеэ хураан сэтгэлээ булшлалгүй
Амьдралыг аргадаж асгартал уйл эр хүн та уйлах эрхтэй
Андаа гээд итгэж явах хүн амрагийг тань өвөртөө суйлавч
Алдлаа даа гэж сэтгэлээ сэмлэн суух эр хүн та уйлах эрхтэй…
Зөв хийсэн бүхэн чинь зоосны нүхээр арилжаалагдаж
Зөрлөг замд гээгдсэн хүн мэт ганцаардахдаа эр хүн та уйлах эрхтэй
Нар дагасан хоймортоо ханхайн суух дээлэндээ өлгийдүүлсэн бүстэй хүн
Нүгэлтэй хорвоод нулимсаа нуун ханцуйлаад яахав эр хүн та уйлах эрхтэй
Тэнгэр заяатай таны өмнө мэхийж хүндлэл үзүүлж омогшихдоо уйлая
Тэвчээр хатуужлаар хүн болж хээрээр гэр хийх таниар бахдаж уйлая
Цайгаа дээжлүүлэх хувьтай гэрийн хоймор таныг аргадаж уйлая
Цайлган сэтгэлтэй гүндүүгүй монгол эр хүн таныг
Хайрлаж уйлъя, харамлаж уйлъя Кана.Б
“Эр хүн уйлах эрхтэй” адал явдалт тулгын гурван чулуу шиг туж хамт байх 3 сайхан номонд зориулж чадан ядан тэрлэсэн хэдхээн мөрт таалан болгооно уу…
*****************************************************************
Надад битгий дурла залуу минь…
Надад битгий дурла залуу минь гуйя
Намба зааж нүүр өгөхгүй шүү дээ би
Намайг гэх санаагаа та татаж авна уу
Нартат хүний эхнэр болсон хүн шүү дээ…
Сэтгэл татам төрхөнд тань даслаа гээд
Сэрүү оруулж энгэрийн товчоо үл тайлна
Сэрэмгүй зүүдэнд минь морилон ирсэн ч
Санаашралд тань гуниг нэмэн би холдоно…
Надад дурласан сайхан залуун нүдэнд
Нулимс хуруулж өвдөг сөхрүүлж чадна
Нэг насаар тань ганцаардалд хөтөлж
Нүүр өгөлгүй хайрыг тань түлхэж орхино…
Надад битгий дурла залуу минь…
Хөөрхөн сайхан гэж хөл алдавч хархүү минь
Хүнийх болоод таслагдсан хэнцхэн цэцэг би
Харамлаж дотроо өндөлзөвч эргэж үл харах
Хариу нь үгүй хүний хар нүдэн гэргийхэн би…
Надад битгий дурла залуу минь…
…………………………..ооё ккк Кана.Б
**********************************************
Тэргэл сарны бүүдгэр туяанд
Хасын даль тодорч харагдаад
Сувдан даруулга анир үргээж
Энгэрийн товч гар дээр бүжнэ…
Халхавчинд салхи сиймхийлэн
Ааль аргамжин намба алдуулан
Жолоо алдуурч бүс тайлагдахад
Далайн түрлэг хүч нэмэн түрнэ…
Тэргүүнээ мэхийн ичингүйрэн
Бүсэлхий юуг нь илбэн доошилж
Уянгалаг ятгын хөнгөн аялгуунд
Хэмнэл алдуулах нь соронзон…
Даруухан төрхөндөө уусган шингээж
Хатан заяагаа хамт холбосон багана
Чихнийхээ араар үсээ илбэнхэн суух
Балын амтат нялхарсан амрагхан…
Бодлыг тань эзэмдэх эгшиг авиа
Үүрийн гэгээнд шүүдэр буулгаж
Хяруу унан гэгээ татуулан цэлмэх нь
Гэргийн царайнд өнгө нэмэх ялгуун…
Алтан гадас наранд хучуулан замхарч
Саалын сүү самрах чимээ сэржим өргөж
Тулганд галаа бадраах айл хотол
Нартад тэнгэр багандан өдөр зүслэх сайхан…
…………………………………………..Кана.Б
*******************************************
Лавайн эгшигт дуу нэмэн
Лааны гэрэлд хүй хайчлуулж
Шороон луу жилийн босго алхаж
Шүр атган төрсөн сайхан охин би…
Үсээ самнан зүсээ тольдон
Үүрийн туяанд болзоо ижилсүүлж
Хонхойх хацартаа мөр үлдээлгэн
Харгуй замд дуу аялах сайхан бүсгүй би…
Гэрийн хойморт наран мандааж
Гэрэлтэх царайндаа өнгө тодотгон
Ханцуйндаа инээдээ нуун мишээх
Хайр дагуулсан сайхан гэргий би…
Нуган үр хэвлийдээ тээн
Нэг насны буян тосож угтах
Цайгаа дээжлэн ханьдаа барих
Цулбуураа атгуулсан сайхан эхнэр би…
Хөлөө хучуулах хүүгээ өлгийдөж
Хүмүүн төрөлд үргэлжлэл нэмсэн
Сэвлэгээ үнэрлүүлж тосох хүүтэй
Сэтгэл ариун сайхан ээж хүн би…
………………………………..Кана.Б
Эр хvн шиг эр хvн бол тэгэхгvй бол эхнэр олдохгvй…!
Шалтаг битгий тооч шал тэнэг байна…
Тэнэгээ нуу тэгэхгvй бол бас л эхнэр олдохгvй!!!
Юмыг далаацтай хар, даруухан бай!!!
Эр хvн шиг уужуу байж олон юм битгий гоншигно!!!
Бусдаас сэв эрэхээр өөрөөсөө өө хай!!!
****************************************************
Нөхөрт яарах сэтгэлгээ чинь яаруу байна
Нөхцөл байдлыг харах сөхөөгүй явна
Нэг мэдэхэд чи цээжиндэхээ өгнө
Нөгөөдөх нь харин голонгүй авна…
Эрээвэр хураавар амьдрал ээлжилнэ
Ээж шигээ хүнийг гомдооцон тууна
Эрлэг ч хаалга тайлахгүй зугатахад
Энэ бүхэн хуурамч гэдгийг ухаарна…
Томоожин дуугаа хурааж хэсэгтээ нуугдана
Томчуулд таалагдах гэж ахин нахина
Толио нь арилаагүй насаа гутаан
Торноосоо цухуйна хэсэгтээ жаргана…
Нөхөрт гарах хүсэл түүнийг ийм болгож
Нэг насаараа гэмших учиралд хүргэж
Нийтийн жишгийг дагах сөхөөгүй явсан
Нэр нь үл мэдэх хэдэн охид…
Халаглах өдөр ирэх үед ухааравч
Халаас нимгэн харчуулыг эс тооно
Толинд өөрийгөө харан гэнт анзааравч
Том нүгэлтэн гэсэн нүд харагдана…
Азгүйгээ гайхаж нүүрээ даран уйлавч
Алдаа ямар буцах биш дээ ухаар
Амьдын тамд унаж үхэхгүйн тулд охин минь
Авгайтай хүний амраг битгий бол…
Хориж боломгүй хорин насаа хайрла
Аргадаж боломгүй арван найман насаа нандигна… Ашиглах боломж хэнд ч битгий өг…
………………………………… Кана.Б