Хүн төрөлхтөн эрчим хүч авахын тулд газар ухаж нүүрс олборлон, мод тайрч байгалиа сүйтгэлгүй, нар салхи, усны хүчийг ашиглан гэрэлтэй дулаахан байх боломжтой болоод зуу орчим жил болох гэж байна. Дэлхий дахинаа хөгжиж эхэлж байгаа сэргээгдэх эрчим хүчний салбар манай улсад хэдийнээ эхлэлээ тавьжээ. Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц хэрхэн ногоон эрчим хүч үйлдвэрлэж байгаа талаар “Эрчим хүчний яам”-ны “Сэргээгдэх эрчим хүчний хэлтэс”-ийн дарга М.Ангарагаас тодруулсан юм.
“Дэлхий даяар ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ. Олон улсын жишгээр бол нүүрсээр ажилладаг Дулааны цахилгаан станцыг халж, ногоон эрчим хүчний төлөө, байгалд ээлтэй экологид хоргүй ДЦС байгуулах нь зүйтэй гэж үздэг ч манай улсын хувьд байгальд ээлтэй ногоон эрчим хүчний төлөө зүтгэж байгаа ганц нэгхэн байгууллага байгаа гэхээр дэндүү харамсалтай тоо. Гэхдээ бүх зүйлийг муу хар талаас нь харахаасаа илүүтэй болж бүтэж байгааг онцлоё.
Сэргээгдэх эрчим хүч ашиглан байгальд хоргүй технологиор ажиллаж байгаа хоёр том усан цахилгаан станцын нэг бол Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц. БНХАУ-ын 26 сая ам долларын хөрөнгө оруулалтаар боссон тус цахилгаан станц нь байгальд ээлтэй технологиор аймгийнхаа болон бусад баруун аймгуудаа цахилгаанаар хангаж байгаа нь бахархууштай зүйл болж байна.
Хар ус нуураас усаа авдаг Дөргөний цахилгаан станц усны урсгал тогтворжуулж хэвийн болгох, загасны замыг сэргээх ажлыг цаг алдалгүй хийж байгаа” гэж “Эрчим хүчний яамны сэргээгдэх эрчим хүчний хэлтэс”-ийн дарга Ангараг хэлсэн юм. Станцынхаа хүчим чадлыг нэмэгдүүлэхийн тулд нарны хүчийг ашиглаж байгаа аж. Энэ нь голын урсгалыг хэвээр нь хадгалж үлдэхэд чухал нөлөөтэй байдаг байна.
Өөрөөр хэлбэл нарыг ашиглан цахилгаан гаргавал хэрэглэх ёстой усны хэмжээ 50 хувь багасна гэсэн үг. Дэлхийд усны эрчим хүч үйлдвэрлэлээрээ Канад улс тэргүүлдэг юм байна. Xарин дараа нь АНУ, Бразил, Хятад, ОХУ-ууд ордог аж. Европ тивийн хувьд Норвеги улс тэргүүлдэг бөгөөд нийт эрчим хүчнийхээ 99 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн судалгаа ч гарчээ.
Манай улс Норвеги шиг болдоггүй юм гэхэд Азидаа усны эрчим хүч үйлдвэрлэлээрээ дээгүүрт жагсаж бусад улсыг эрчим хүчээр хангадаг болох боломж байгаа гэдгийг Ховдын Дөргөний усан цахилгаан станцын ирээдүйгээр тодорхойлж болно.
Эх сурвалж: “Нүд алдам” сэтгүүл