Тэртээд хоногших гурван жил алсад бүдгэрээд
Тэр бид хоёрын учирлыг үл тоосон гэсгээл гэлтэй
Түүнийгээ жигүүрээ дэлгэсэн хүн шувуутай зүйрлэдэг
Тэр минь намайг андуурч агнасан анчин гэдэг…
Яг л хайрын мөртүүд сэтгэлд хоногшин үлддэг шиг
Ялдамхан төрх чинь зүрхэнд тамгалагдан мөнхөрч
Янагийн болзоонд яаран байсан өдөр бүхэн замхарч
Ядам хурууны хос бөгж гараас мултран эзэнгүйдэх шиг…
Даараад л байх юм гэр эзгүйрээл нэг л жиндүүхэн
Даруухан инээмсэглэлийг чинь харахыг хүсээд байна
Дэндүү удаан хамт байсан чи бидэн хоёр хамтдаа
Дасал болсон сэтгэлийн хүлээсийг тайлж одоо чадашгүй нь…
Хэн нэгний тэвэрт би жаргасан удаа байхгүй ээ амраг минь
Хэлсэндээ хүрдэг эр хүн шиг байж бусдын биенд уусаагүй
Өрөөлийг өвөртлөөгүйгээс өөрөөр гийгүүлж чадаагүй
Өнгөрсөнд үлдсэн дурлал дурсамж хоёр минь баяртай…
Чамайгаа жаргаах хүсэлдээ автан улайран ажиллахдаа
Чинийхээ сэтгэлийг дүүргэлгүй явсанаа анзаарсангүй
Чилтэл хүлээлгэсэн өдөр бүрээсээ уучлалт мянгантаа хүсэж
Чамайг минь жаргаах азтай нэгэнд зай тавин би холдоё…
…………………………
*****************************************************
Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Таслуулж хэрчүүлж байгаа хүмүүс аврал эрэн гуйна
Тэнд чи хүйтэн халуун арван зургаан тамаар дамжиж
Тэндээс гарвал төрлийг олж зуурдын амьдралд түр очино…
Хөлдөж үхсэн хүний сүнс халуун тамруу холоос гүйдэг
Халуун хайлмагт хувцасаа тайлан яаран шумбадаг
Хатгуур жадаар загас болгон чамайг агнана эрлэг
Хамгийн түрүүнд асуух асуулт нь чиний нүглийн хэмжээ…
Нүглээ нуун худлаа хэлвээс шийтгүүлж хувилж төрх тамд унана
Нэг насны нүглээс холхон байсан бол хэвлийгээс төрх төрөл олно
Үнэн худлын дундуур туучин явбаас чийгнээс төрх төрлийг өгнө
Үнэхээр хийсэн зүйлгүй үхсэн аваас өндөгнөөс төрх төрөл хүртээнэ…
Бие биенээ тамд очсон ч хараан хутга мэсээр эд эрхтэнгээ хэрчилцэн
Битгий гэсэн ч үл ойшоон алалцах хүн дүрстэнгүүдэд хандаж огторгуй
Дахин эдгэрэхтүн гэж дуу гарахад бүгд эдгэцгээж эргээд харааж
Далайж дахин биенээ өвтгөх нь дахин эдгэрэх тамд унасных…
Хар шугамт тамд унасан болвоос хараар биеийг чинь шивэн
Хараар тодотгосон хэсэг бүрийг хэрчин хусуураар махнаас чинь хусна
Харуулж байгаад биеийг чинь амьдаар чинь хэрчиж хатгаж сүлбээд
Хамаг биеийнхээ өвдөлтийг өвдсөн чигээрээ эдгэж дахин тамлагдана…
Хорондоо тэмцэлдэх хонь хуц, арслан барын дунд мөргүүлж таслуулж
Хадан хавцал дунд бяцалж алан урьдынх шиг эдгэрэхэд ахин нахина
Хэмжээлшгүй том төмрөн алхаар нүдэн эд эрхтэнг чинь тарааж
Хурааж аван нийлүүлж эргээд эвдлэх нь хураан эвдэгч там юмсанж…
Аймшигт олон амьтдаар нь хойноос нь хөөлгөн хар эрчээр нь гүйлгэж
Харанхуйн хавцал дунд ганц цагаан байшингаар хууран оруулж
Хаалга үүдгүй бүслүүргүй төмөр торонд хийн галаар төөнөн хайрч
Хашгиран орилох чимээг сонсогч нь уйлан дуудагч их бага там болой…
Улаа бутарсан хар төмрөөр зулайг чинь сүлбэж доошлуулан шатааж
Унгасны нүхээр үзүүрийг нь гарган байхдаа баясагч эрлэгүүдийн
Инээх шалтгаан чиний тамын золиос энэ бүхэн удаан үргэлжлэх нь
Ирээдүйг ойртуулагч халуун маш халуун тамын тасалбар төлөөс гэлтэй..
Махранз тэнгэрийн таван зуун жил дахин эдгэрэгч тамын нэгхэн өдөр
Хүний амьдралын тавин жил махранзын нэг өдөртэй тэнцэх тийм урт
Хэзээ ч гарч дийлэхгүй хүсэшгүй нэгэн там нь Аюуш там болохоор л
Хүн та одооноос буян хурааж нүглийн саваа хоосолж буян түгээж амьдарна уу…
………………………………………………………………………..Кана.Б
Талийгаач болох та хэн байх чинь хамаагүй үхэгсэдэд л шударга үйлчлэх цор ганц газар ТАМ болохоор та үгээрээ, үйлдлээрээ, бодлоороо бусдыг одоо тамд унагаж эргээд өөрийгөө эрлэгрүүгээ бүү түлхээч…
********************************************************************
Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа
Уйлаад суух өдөртэй нүүрэлдэн хир суусан ч
Учирлаад аргадвал тайтгарах хорвоогийн жам нь
Уучлал гэсэн ганц үгэн дээр тогтдог гэлтэй…
Талын цэцэг шиг хээнцэрхэн явсан залуу насандаа
Тэвчээр алдран дурлалд хөл алдан явсан ч
Танхилхан өөрийгөө өрөвдөж нэг аргадаад
Ташуур өгөн амьдралдаа ханцуй шамлан ормуй…
Зөөлөн бороонд дуу аялан алхах залуу насандаа
Зовлон бэрхшээлд хөл тээглэн бүдэрсэн ч
Зорилго намайг түшиж босгоод түлхэж өгсөн
Золоор унасан газартаа шалбааг болон үлдээгүй…
Гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурсан залуу насандаа
Гундуу заяандаа гомдож гуниж явсан үе байдаг ч
Гашуун амтыг нь эртхэн сэтгэлдээ амталчихвал
Гэнэн зүрх минь хатуужин хашир суух нь лавтай…
Хагацал гэдгийг мэдэхгүй явсан залуу насандаа
Хайраас болж шаналалд хүлүүлсэн удаатай ч
Хорвоод байх олон хайрын дундаас үнэн нь ганцхан
Хүүний хүн болохдоо л ээжийнх гэдгийг ухаарч ойлгосон…
Үзэмж харах хүмүүний мэлмийд будаг зохицох ч
Үнэлж баршгүй сайхан гэдэг сэтгэлийнх байдаг
Үүрийн гэгээнд шүүдэр буулган уйлжээ суухад
Үнэнч сайн анд нөхөр л асуулгүй хажууд аргаддаг даа…
Хир үгүй бодлын гүнд төөрөлдөх залуу насандаа
Хүний мууг үзэн бахаа хангах хүмүүстэй учирсан удаатай
Хандаж хэлэх хэдхээн үгэнд минь уусч төрлийг олоод
Хар бараан амьдралыг аргадах сэтгэл бүхэн нь гэгээрээсэй…
……………………………………………………Кана.Б
*****************************************************************
Эрх чөлөөг ханатлаа мэдрэх чимээгүй орчиндоо очин
Эрээн бараан хорвоогоос хүслээрээ нэг ангижрах юмсан
Ээлжээ хүлээн үхэх хүнтэй инээмсэглэн зөрж гунихдаа
Ээдрээт амьдралаас тасарч энгэрээ норгож уйлмаар байна…
Дурлал дагуулах олон болзооноос зугатаж тойруу замаар
Дураараа аашлан жаргалтайгаар холдон гүйх юмсан
Даруухан зангаар гоёх өөрийгөө өөрчлөн баг зүүж
Давчуухан хорвоогоос биеэ чөлөөлж нуугдмаар байна…
Яагаад ч юм дэндүү олон бодох юм туйлдуулж байна
Ядаргаатай санагдаж залхахдаа зүгээр л зугатаамаар
Ял болгож өөрийгөө зовоодог хүслээ булшилмаар санагдаад
Яруу найргаар гэрээс бичин үхэх өөртөө үлдээмээр байна..
Чимээ гаргалгүй нэг л өдөр би алга болоод өгнө амьдралаас
Чимэг гоёлгүй хэдэн шүлэг доголон нулимстай торойгоод үлдэнэ
Чиний байгаа зүгт намуухан салхиар үг дайж уучлалт хүсээд
Чөлөөлж өөрийгөө холын холд үдэж буйг ойроос харна…
………………………………………………………………Кана.Б