“Evento” компанийн урилгаар Монголд ирэх гэж байгаа “Blue” хамтлагийнхны тоглолтын талаарх мэдээллийг хүргэхээр зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд энэ үеэр дараах мэдээллийг хүргэлээ. –
“Вluе” хамтлагийнхан Монголд хэд хоногийн хөтөлбөртэй ирж байгаа вэ?
-Тоглолтын өмнөх өдөр буюу энэ сарын 13-ны үдээс хойш нисэх онгоцноос буугаад буудалдаа очиж амраад маргааш нь тоглолттой. Тоглолтын маргааш өдөр буцаж явна. Цаг хугацааны хувьд жаахан шахуу байгаа.
-Тоглолт хэр удаан хугацаанд үргэлжлэх бол. Тэр бүхнийг хүртэл тооцож, төлөвлөсөн байх?
-Тэгэлгүй яах вэ. Гурван цаг үргэлжилнэ. “Вluе” хамтлагийнхан монголчуудаар зогсохгүй дэлхий даяар фэнүүдтэй том хамтлагийн хувьд хүмүүсийн сэтгэлд хоногшсон гайхалтай дуунуудаа дуулах болно. Мөн өөрсдийн амьд хөгжмийн багтайгаа ирэх учраас тоглолтыг улам үзүүштэй болгож чадна. Бид ч шоу концертыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн зохион байгуулахаар хичээж байна. Тэр үдэш үнэхээр гайхалтай өнгөрнө гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, энэхүү тоглолтыг “Мандал женерал даатгал” компаниар бүрэн даатгуулж байгаа. Энэ нь тус хамтлагийнхнаас гадна тоглолтын тасалбарыг худалдан авсан хүн бүрт хамааралтай. Зохион байгуулагчаар “Еvento”-гоос гадна “Монгол масс медиа” компани, On’n&off продакшн ажиллаж байгаа.
-Хөгжимчдөөс гадна ямар хүмүүс тэднийг дагалдан ирэх вэ?
-Тус хамтлагийн менежер, хөгжимчин, бас бус хүмүүс дагалдан ирнэ.
-Тэд Монголд байх хугацаандаа хаана, ямар зочид буудалд байрлах вэ?
-Тэрийг одоохондоо зарламааргүй байна. Эцсийн байдлаар буудал энэ тэрээ тогтоогүй байгаа. Тэднийг ирэхээс өмнө цэгцлэх ажил бидэнд байна.
-Тоглолтын тасалбарын үнэ ямар байх вэ. Мөн хаанаас худалдаж авч болох талаарх мэдээллийг уншигчдад хүргэхгүй юү?
-“Hi Fi orange records”-ийн бүх салбараар худалдаална. Мөн 1109, 1617 гэсэн тусгай дугаараар захиалбал үнэгүй хүргэж өгнө. Мөн www.evento.mn, www.easyticket.mn сайтаар дамжуулан захиалж болно.
-Тоглолт дээрээ манай улсын хамтлаг дуучидгай хамтран дуулах болов уу. Тийм боломжийн талаар бодож үзсэн үү?
-Үзсэн. Бид тэдэнд манай улсын охидын нэг хамтлагтай хамтран дуу дуулаач гэсэн санал тавьсан. Одоогоор хариу ирүүлээгүй баина.
-Хэрвээ тэдний зүгээс зөвшөөрсөн хариу ирүүлбэл та нар ямар хамтлагийг санал болгох гэж байна?
-Хамтран дуулах хамтлаг нь “Вlие” шүү дээ. Тэгэхээр охидын хамтлагуудаас шалгаруулж байгаад хамгийн сайныг нь л сонгоно. Одоогоор тэр энэ гэж сонгож, товлосон зүйл алга. Гэхдээ хүмүүс өөрсдөө дор бүрнээ таамаг дэвшүүлж байгаа байх.
Тэднийг амжилт дагасаар байсан
Англиас гаралтай “Вluе” хамтлаг 2000 онд албан ёсоор Antony Costa , Dancan James, Lee Ryan, Simon Webb гэсэн дөрвөн гишүүнтэй байгуулагдаж байжээ. 2001 онд “All Rise” 2002 “One love “2003 “Guilty” гэсэн студийн гурван цомог гаргасан нь тэднийг Их Британы хөгжмийн ертөнцийн оргилд дөрвөн жилийн турш байлгажээ. 2004 оны сүүлээр буюу арваннэгэн сард “Best of blue” тоглолтоо хийнэ хөгжмийн ертөнцөөс хоёр жил хөндийрч байгаагаа мэдэгдэж байв. 2005 онд тус тусдаа соло бүтээл хийх гэж байгаагаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн 2009 оны дөрвдүгээр сарын 28-нд хамтлаг дахин нэгдсэн байна. Нэг бус удаа тарж бас нийлж байсан тус хамтлаг 2011 нэгдүгээр сарын 29-нд Англид, дараа нь Европ Герман даяар аялан тоглолтоо хийж байсан байна. 2013 оны нэгдүгээр сарын 25-нд хамтлагийнхаа “Roulette” хэмээх дөрөв дэх цомогт багтсан “Hurt lovers” дуу нь тэдэнд маш их амжилт дагуулсан.
2013 оны хоёрдугаар сарын 21-нд “Liberty X Atomic Kitten”-тэй хамтран дахин шинэчлэгдэн нэгдсэн ба хамтлаг оны турш Их Британи Умард Ирланд Европоор “the big Reunion” нэрээр аялан тоглосон нь тэдний анхны аялан тоглолтоос нь даруй арав гаруй жилийн хойно юм. Хамтлагийн 13 сая гаруй ширхэг хуурцаг дэлхий даяар зарагдсан байна. Анх Lee Ryan, Antony Costa нар 16 настай байхдаа уулзан нөхөрлөж хамтлаг байгуулах санаагаа олж байжээ. Тэд “Рор Idol” тэмцээний ялагч “Will Young”-тэй нэг хэсэгтээ нэгдсэн боловч энэ нь Соstа -ийн хувьд эцсийн сонголт байгаагүй бөгөөд удалгүй James-тэй танилцан хамтлагтаа авсан байна. Хамтлагаар дуулахад дөрөв дэх хоолой дутагдаж бас л эрэлд гарч байв. Удалгүй Simon Webbe-г хамтлагтаа авчээ. 2001 онд анхны дуу “All Rise” нь Их Британийн чартын дөрөвдүгээрт бичигдэж байсан бол “Too close”, “If you come back” нь чартын нэгд бичигдэж байжээ. “All Rise” дуу нь Их Британи даяар нэг сая найман зуун мянган хувь зарагдаж байжээ. 2002 онд” One love” цомог нь чартын нэгд хүрсэн ба 150000 хувь хэвлэгдэн борлогджээ. Элтон Жоннтой хамтран дуулсан “Sorry seems to be the hardest world” дуу нь чартын нэгдүгээрт бичигдэж байлаа. 2004-2005 оны хооронд “Best of Blue” тоглолтоо хийнэ, 2009 оны үеэр хааяахан нэгдэж, 2011-2013 онд эргэж буцахгүйгээр нэгджээ.
М.УЯНГА
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН