Түүх: Би ер нь Япон хоолонд нугасгүй дуртай. Хийх ч дуртай, идэх ч дуртай. Тэгээд мисо шөлний яг ийм хоол Япондоо байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Зүгээр л гарын доорхи материалаа ашиглаад ийм нэгэн шөл хийвээ.
Орц: Бор гоймон, өргөст хэмх, цагаан лууван, мисо шөлний зуурмаг, шийтаке мөөг, пак чой байцаа, бага зэргийн зөөхий.
Цагаан луувангаа хавтас мэт нарийн зүсээд дараа нь урт нарийн хэлбэрээр хэрчиж эхэлнэ. Өргөст хэмхийг уртааш нь зүсэж дөрвөн хэсэгт хуваагаад голын зөөлөн хэсгийг нь аваад хальс арилгагчаар хавтгай гонзгой хэлбэртэй болгож бэлдэнэ. Гоймонгоо чанаж болгоно энэ хооронд. Харин пак чой байцааг заавал хэрчих шаардлагагүй.
Саванд ус буцалгаад мисо шөлний зуурмагаасаа бага багаар хийж өөрийн амтанд тохируулаарай.
Хэрчсэн ногоонуудаа мисо шөлөндөө хийж 4-5 минут хэртэй буцалгана. Шийтаке мөөгөө хамгийн сүүлд хийж нэг минут орчим буцалгаад тусад нь аяганд хийж тавиарай.
Гоймонгоо шөлний тавагний голд нь овоолж тавина. Мисо шөл бүхий ногоонуудаа гоймонгоо тойруулж хийнэ. Шийтаке мөөгөө гоймонгийнхоо дээр тавиад зөөхий дээр нь дусааж чимэглэнэ.
Сайхан хооллоорой! /Итада Кимасү!/ 🙂
Эх сурвалж: Сэгсгэрмаа