Америкчууд мөн айхтар улс юм. Хятад ах нарын хөөрхөн жаалуудад нь зориулж хийсэн хөгжилтэй тоглоомуудыг хулээж авахгүй гэсэн байна шүү. Уг нь хятад ах нар америк жаалуудад зориулж 200 мянган хүүхэлдэй үйлдвэрлэн өгөөмөр сэтгэл гаргасан юм билээ л дээ. Харамсалтай нь химийн бодис хэтэрхий их илэрсэн учраас “Уучлаарай, танай хүүхэлдэйнүүдийг авахгүй ээ” гээд шулуухан хэлчихэж.
Өмнө нь ч гэсэн тэд ийм хөөрхөн тоглоомуудаас олон ч удаа татгалзаж байж. Бүр нийтдээ 1.1 тэрбум пшрхэг тоглоомыг хилээрээ нэвтрүүлэхгүй хориглосон байгаа юм даа. Гэтэл манайхан яадаг билээ. Өхөөрдөм үрсийнхээ төрсөн өдрөөр худалдаж аваад гүйгээд байна аа. Муу жаалууд маань харин тун их баярлана. “Баярлалаа, аав аа, ээж ээ” гээд амандаа үмхэнэ, долооно, хазна. Тэвэрч унтна, зүүдэндээ ч өнөөхтэйгөө л хамт. Хамгийн хачирхалтай нь манайхнаас “хүлээж авах боломжгүй” гэх хүчтэй үг харин ч нэг гарахгүй шүү. Зөөгөөд л, зараад л, аваад л, тоглоод л. Ёстой л нэг нээлттэй дээ.
Том дарга нар маань “хэрхэн яаж хортой тоглоомуудыг татвараас чөлөөлөх вэ” гэж л ярихаас биш америкчууд шиг “Авах боломжгүй” энэ тэр гэж маяглахгүй. Тэр ухаанаа ч олохгүй л дээ, хөөрхийс. Одоо харин америкчуудад гологдсон хүүхэлдэйнүүдээр монгол жаалууд наадах байх даа. Өнөөх л урьдын адил хөл хөөрцөг болоод. Хөөрхий дөө, муу хүүхдүүд юугаа мэдэх вэ. Баярлаад л аваад байхаас хортой хоргүйг нь мэдэх биш.
Ч.Батмаа
Эх сурвалж: Өдрийн шуудан