Хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг нь харилцаа. Хүн хорвоо дээр мэндэлсэн цагаасаа насан эцэслэх хүртлээ мөнхийн харилцаанд оршиж байдаг. Харилцаа дотроо олон янз бөгөөд эдгээрээс хүний амьдралын хамгийн чухал, бүх зүйлийн үндэс суурь нь эхнэр нөхрийн харилцаа байдаг.
Гэр бүл гэдэг эрэгтэй эмэгтэй хүний эрх, үүрэг тэгш байвал тухайн гэр бүл хэрүүл маргаан, үл ойлголцолгүй амар тайван, аз жаргалтай байна. Гэр бүлийн уламжлалт хэв маяг болох эхнэр хүн гэр доторх буюу хоол унд хийх, үр хүүхдээ асрах, гэр орныхоо ажлыг амжуулж, харин нөхөр нь гэрийн гадуурх ажил буюу санхүүгийн эх үүсвэр болон орон байр, унаа тэрэг зэргийг зохицуулдаг.
Гэтэл орчин үед эмэгтэйчүүдийн боловсрол, нийгэмд эзлэх байр суурь харьцангуй их болсноос үүдэн эхнэр нь орлого олж, гэрээ тэжээн нөхөр нь гэр орныхоо ажлыг хийх үзэгдэл ихэссэнээр гэр бүлүүдийн дунд үл ойлголцол гарч эхэлдэг. Аливаа зүйл угаас “давс, чихэр нь таарсан” үедээ хамгийн эрүүл байдаг болохоор гэр бүлд ч гэсэн эхнэр нөхрийн эрх, үүрэг эн тэнцүүхэн байхад тухайн гэр бүл аз жаргалтай болдог.
Хүн үргэлж БИ, НАМАЙГ, НАДАД гэсэн хандлагаар амьдардаг учраас хүмүүсийн дунд, гэр бүлүүдийн дунд үргэлж үл ойлголцол хэрүүл маргаан гардаг. Харин ЧИ, ЧАМД, ЧАМАЙГ гэсэн хандлагыг өөртөө хэвшүүлчихвэл бусдыг хүндэлж, бусдыг ойлгож илүү амар амгалан амьдарч чаддаг болно.
Та эхнэр/нөхрөө ойлгож, хүндэлж, хайрлаж, хүлээн зөвшөөрч, уучилж чадаж байвал таны гэр бүлийн харилцаа эрүүл байна гэсэн үг.