2014 оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ны өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн II амаржих газарт тус тус очин, шинэ оны эхний өдөр төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өгөв.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ “өнгөрсөн жил хүн амын өсөлтийн хувьд хамгийн оргил цэг байлаа. Нийт төрөлтийн хэмжээ 1990-ээд оны түвшиндээ очсон, өндөр үзүүлэлттэй гарсан байна. Хүн амын өсөлт юун түрүүнд төрөлтөөс шалтгаална, мөн төрсөн хүмүүсээ эрүүл саруул байлгах нь хүн амын өсөлтөд хамгийн чухал нөлөөтэй” хэмээв.
Монгол улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадаж байгаа ч үүнээс илүү бууруулах нөөц, бололцоо бий. Энэ жилийг Эрүүл мэндийн яамнаас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа шинээр төрсөн ээжүүддээ баяр хүргэж, энэ онд Монгол улсын хэмжээнд хүн амын өсөлт нэмэгдсэн, эх, нярайн эндэгдэл эрс буурсан, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тодорхой хэмжээгээр шинэчлэн, нэвтрүүлж ажиллаж байгаа баяртай мэдээг дуулгасан юм.
Мөн II амаржих газрын хамт олонд амжилттай ажиллаж буйд баяр хүргээд, 2014 онд илүү их чармайн ажиллах, Монголын хүн амын өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгөрсөн оныхоо амжилтыг дахин ахиулахыг хүслээ.
Нийслэлийн II төрөх эмнэлэгт 00 цагаас хойш 10 эх төрсөн ба 7 хүү, 3 охин мэндэлжээ. Клиникийн нэгдүгээр амаржих газарт 10.00 цагийн байдлаар долоон эх амаржиж, 3 хүү, 4 охин мэндэлсэн байна. Харин аймаг, нийслэлийн хэмжээнд урьдчилсан мэдээгээр 75 хүүхэд төрсөн байна. Мөн нэгдүгээр сарын нэгний 10.00 цагийн байдлаар Клиникийн III төрөхөд 18 хүүхэд, Орхон аймагт 9 хүүхэд төрсөн нь хамгийн олон төрөлттэй эмнэлгүүд болсон юм.