Дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг бол сэтгэцийн эрүүл мэндийн тухай багц ойлголт юм. Сэтгэцийн эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэндийн судлах үндсэн гол асуудлуудын нэг. Дэлхий дахинд мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг, архи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудалтай 450 сая хүн байдаг аж.
Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүрдэг гэсэн судалгаа байдаг байна.
Манайд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг ганцхан эмнэлэг байдаг нь “Шар хад”-ны эмнэлэг гэдгээр нь илүү мэднэ. Түүнчлэн энэ эмнэлэгт хандах хүмүүсийн талаар нэлээдгүй сөрөг ойлголттой байдаг талаар эмнэлгийн эмч ажилчид хэлж байв. Харин энэ төвд сэтгэл гутрал, архаг солиорох эмгэг, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгтэй хүн ханддаг байна. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон өчигдөр тус төвд очиж дотоод үйл ажиллагаатай танилцаж магтаал шүүмжлэл хослуулсан дүн тавьлаа. Манай улсын хэмжээнд сэтгэцийн өвчинөөр өвчлөгсөд сүүлийн үед нэмэгдэх болсонтой холбогдуулан энэ төвийн байрыг өргөтгөж байгаа аж. Өргөтгөлийн байрны барилгын үйл явцтай танилцах зуур ирэх жилийн арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад орох болно хэмээн хэлэв. Ийнхүү тус эмнэлгийн цаашдын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг судлан эмнэлгийн ажилтнуудтай санал бодлоо солилцсан сайдад тус эмнэлгийн хамт олон талархаж байгаагаа илэрхийлж байв.
Х.БАЯР-УГТАХ /yahuu.mn/