Хүн байгаль хоёрыг салгашгүй. Хүн төрөлхтөн байгалаа дээдлэн хайрлан хамгаалж явах аваас аз жаргалын эх булаг ундран оргилно. Байгалийн сайхныг шимтэн жаргах бол хүний амьдралд тохиох нэгэн сайхан агшин. Ийм агшны нэг бол япончуудын хувьд хавар цагаар тохиох Ханами буюу “Цэцэгсийг харан баясан цэнгэх” хэмээх сакүрагийн баяр билээ. Яг ийм баяр Японд энэ өдрүүдэд тохиож байна. Японд ажил аж сурч байгаа найз нар маань сайн мэднэ дээ, одоо ч бас энэ баярт оролцоод л явж байгаа байх.
Сакүра гэдэг бол цэцэг нь хавар цагаар дэлгэрээд, тэр цэцэг нь долоо хоног болоод л уначихдаг, нэгэн төрлийн мод. Японы өмнөд хэсгээс сакүра цэцэглэж эхлэн хойд зүг рүүгээ бол бүр 4-р сарын сүүлээр цэцэглэнэ. Өөрөөр хэлбэл, цаг агаарын дулаан бүс нутгаасаа эхлэн цэцэглэнэ гэсэн үг. Өнөөдөр юм уу даа, Токиод сакүра манкай буюу “дүүрэн цэцэглэж” байгаа бололтой. Өнөө маргаашдаа бол Токио хот зочид гийчдийн хөлд дарагдаж байгаа байх даа.
Сакүра цэцэг бол цагаан, улаан, ягаан өнгийн таван дэлбээт цэцэг. Байгалийн болон зохиомол нийлсэн 300 орчим төрөл сакүрагийн мод Японд байдаг гэсэн. Хамгийн түгээмэл нь Сомэйёшино төрөл, энэ төрлийн сакүраг Хатан сакүра гэж нэрлэнэ.
Сакүратай холбоотой янз бүрийн дуу, шүлэг домог яриа бий. Нэгэн голд хичнээн ч гүүр барьсан голын усанд тогтдоггүй нурчихаад байдаг байж. Харин нэгэн хүн хүмүүсийн тусын тулд энэ голд өөрийгөө золиосолжээ. Тэр цагаас хойш энэ голоор хүмүүс амгалан тайван гардаг болж гэнэ. Харин тэр хүний дурсгалд хүмүүс сакүра мод тарьжээ. Энэ модонд мөнөөхөн сайхан сэтгэлт хүний сүнс оршдог хэмээсэн домог бий. Иймэрхүү маягаар япончууд алив сайхныг сакүратай холбон үзэж ирсэн байна. Цэцэгсийн сайхан сакүра, хүний сайхан самүрай гэж ярьдаг. Самүрай хүн бол зүгээр л хөнөөж нураагаад байдаг хүн биш, ядарсан дотройтсоныг хамгаалж тусалдаг, өндөр дээд ёс зүйтэй хүмүүс байснаас ийм үг үүссэн болов уу.
Байгаль эхээ дээдлэн баясан цэнгэж аж төрөх нь хүний ёс юм даа, манайх ч гэсэн уул усаа шүтэн амьдарч ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Хэдэн зураг оруулав. Модны мөчир дээрх сакүрагаас гадна, газраар ургадаг зүлэг маягийн сакүра бас байдгийг зургаас хараарай. Фүжи уулыг алс хормойгоор ургаж буй цагаарч ягааран харагдах цэцэгсийг шибазакүра буюу зүлгэн сакүра (мөлхөө сакүра гэсэн ч болох юм уу) гэж нэрлэнэ.