ЛОНДОН. /AFP/. Бионсей зэрэг дэлхийн нэр алдартай хүмүүсээс эхлээд дэлхийн олон орны бүсгүйчүүд будаггүй төрхөө цахим ертөнцөд байрлуулж, Хорт хавдрын санд хандив хүргэжээ. Зургаан өдөр үргэлжилсэн хандивын аянаар нийт найман сая фунт цугласан байна.
Британийн сайн дурын буяны байгууллага болох Хорт хавдар судлалын төвөөс Facebook нийгмийн цахим сүлжээг ашиглан будаггүй төрхөө үлдээх буюу “#nomakeupselfie” аяныг зургаан өдөр өрнүүлж, нийт найман сая фунт стерлинг цугларсан гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн уг аянд дуучин Бионсей, Риана, Британийн загвар өмсөгч Кара Делевинь нарын алдартнууд оролцож, өөрийн будаггүй төрхийг цахим ертөнцөд үлдээсэн байна. Санаанд оромгүй их хэмжээний хандив цугласныг клиник туршилтын зардалд зориулах болно гэж Британийн Хорт хавдар судлалын төвөөс мэдэгдэв.
А.Цацралт
МОНЦАМЭ