Хүүхдийн гэх тодотголтой газар, үзвэр үйлчилгээний байгууллагууд хоёр сая гаруй хүн амтай нийслэлд тун цөөхөн. Байгаа хэдэн кинотеатр, ганц паркын үйлчилгээ нь үнэтэй учир хүссэн хүүхэд бүр үйлчлүүлж, тоглож чаддаггүй.
Харин сүүлийн үед дүүрэг бүрт харагдах болсон өнгө үзэмж сайтай, хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй тоглоомын талбай шинээр нэмэгдэх болсон нь сайн хэрэг. Доороо зөөлөвчтэй нь хүүхэд унахад бэртэж гэмтэхгүй, төмөр биш хуванцараар хийсэн нь аюулгүйн дээр зэвэрч муудахгүй юм. Цэцэрлэг сургууль тарах цагаар энэхүү газарт хүүхдүүдийн инээд хөөр, хөл хөдөлгөөн их. Мөн ахмад настан, хүүхдээ тэргэн дээр түрэн салхилуулах ээжүүд энэхүү газрыг л бараадна.
Нийслэлийн ихэнх дүүрэгт энэхүү тоглоомын талбай хэд хэдээр баригджээ. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт тоглоомын талбай шинээр их баригдсан нь сурвалжлагын явцад анзаарагдсан юм. СХД-ын Тохижилт хариуцсан мэргэжилтэн Л.Батнасан “Өнгөрөгч онд манай дүүргийн нийт 14 хорооны 19 байршилд тоглоомын талбай шинээр барьсан. Эдгээрийг 2012 онд явуулсан тендерийн дагуу “Ардааган” ХХК нийт 10 байршилд 1 тэрбум 211 сая төгрөг, “Алтантэнгэр” ХХК нийт 9 байршилд 1 тэрбум 29 сая төгрөгөөр тус тус барьсан” гэсэн юм.
Сайны хажуугаар саар гэгчээр ашиглалтанд ороод хоёр жил ч хүрээгүй зарим тоглоомын талбай эвдэрч эхэлжээ. Харъяа СӨХ нь арчилж тордох, цэвэрлэх үүрэгтэй байдаг ч чанаргүй тоглоом бариад түүнийгээ хүлээлгэж ч өгөлгүй орхичихдог байгууллага байх юм.
Хан-Уул дүүргийн 1-р хорооны “Мандах” СӨХ-ны харъяа тоглоомын талбайг “ББЦХ” гэх компани 2012 онд шинэчлэн барьсан ч СӨХ-д албан ёсоор хүлээлгэж өгөөгүйн дээр маш чанаргүй, эдэлгээ богино тоглоомын талбай барьсныг СӨХ-ны дарга Д.Пүрэвжав хэлсэн юм.
“Энэхүү тоглоомын талбайг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүрэг захиалж 2012 онд хийлгүүлсэн. Гэтэл хийж гүйцэтгэсэн компани нь бидэнд хүлээлгэж өгөөгүй. Мэдээж хэрэг олон хүүхдийн гараар дамжих учир анхнаасаа чанартайг нь суурилуулах ёстой атал нэг жилийн нүүр ч үзэлгүй савлуур нь салж унасан, наасан шалавч нь эхнээсээ ховхорч эхэлж байгаа” гэсэн юм.
2012 онд 89 сая төгрөгөөр баригдсан тоглоомын талбай
Уг тоглоомын талбайг 89 сая төгрөгийн өртгөөр барьсан юм билээ.
Дээрхээс үзвэл хэмжээ, талбайгаасаа хамаараад нэг тоглоомын талбай ойролцоогоор 89-120 сая төгрөгөөр бүтэж байна. Өчнөөн сая төгрөгөөр бүтсэн, хүүхдийн гэх тодотголтой эдгээр зүйл удаан насгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч /хариуцагч/ тал аль аль нь хариуцлагатай хандаж байгаасай гэж хүсэх байна.
Баянгол дүүрэг
Зарим тоглоомын эвдрэл хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна
Чингэлтэй дүүрэг 7-р хороо
Хан-Уул дүүрэг 1-р хороо
Баригдаад 2 жил ч болоогүй байхад шалавч нь ховхорчээ
Хан-Уул дүүргийн 1-р хороонд байх тоглоомын талбай
Гүйцэт бариагүйгээс олсоор хаалт хийжээ. Мөн хүүхэд гэмтэж бэртэх нөхцөл бүрджээ.
Хан-Уул дүүрэг 1-р хороо
Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан дүүрэг 15-р хороо
Сонгинохайрхан дүүрэг 15-р хороо
Чингэлтэй дүүрэг 2-р хороо
Чингэлтэй дүүрэг 5-р хороо
Чингэлтэй дүүрэг 5-р хороо
Чингэлтэй дүүрэг 5-р хороо
GoGo.mn