“Эмэгтэй хүний үс урт, ухаан богино” гэж үнэн шүү. Би царайлаг ажилсаг, халамжтай сайн нөхөртэй байлаа. Хүүхнүүд атаархдаг байв. Нөхөр маань төсвийн газар ажилладаг тул өөлвөл жаахан цалин багатай. Гэхдээ амьдралд хүрэлцэнэ. Яахав мөнгө хуримтлах, гадаадад амрах ч юм уу тансаг хэрэгцээнд бол хүрэхгүй л дээ. Өөрөө ч шуналгүй хүн. Амралтын өдрөөр охинтойгоо тоглож наадаж, гэрээ цэвэрлэж л өнгөрөөдөг. Нөхөр маань үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. Гэвч их мөнгөтэй болох гэсэн миний шунал хатгаад болдоггүй. Тэгээд танил эмэгтэйн зөвлөснөөр нөхрөө нэгэн том даргын хувийн жолооч болгож орхив оо. Тэр даргад яг миний нөхөр шиг архи уудаггүй, царайлаг жолооч хэрэгтэй байсан юм. Нөхөр маань эхлээд их дургүйцэж байсан боловч би ятгасаар байгаад оруулчихав. Шинэ ажилд орсны дараа бид эдийн засгийн хувьд хавьгүй сайжирсан л даа. Гэртээ супер засвар хийж, анх удаа би булган шуба авч өмсөв. Гэвч нөхөрт маань ажил нь таалагдахгүй хэвээр байв. Өөрийнх нь ярьснаар дарга нь саунд ордог, бүсгүйчүүдтэй цэнгэдэг нь таалагддаггүй гэнэ. Харин миний хувьд нөхрөө ингэж байж цалин сайтай ажлаасаа халагдчих вий гэж айхдаа түүнийг элдвээр ятгахын сацуу савхин хүрэм, хэд хэдэн аятайхан загварын хувцас авч өгч бусдын нүдэнд аятайхан харагдуулахын тулд нилээд хичээв. Нөхөр маань угийн гоё хээнцэр хувцсанд дургүй нэгэн. Өөрөө дургүй байсан ч би түүнд хҮчээр өмсуулсэн юм. Угийн царайлагийг нь хэлэх үү гоё хувцас өмсгөсөн чинь бүр ханхүү шиг л харагдаж байна лээ. Иймэрхүү маягаар хагас жил болоход байдал эвгүй тийшээ эргэж байгаа нь надад ажиглагдав.
Бүрэг даруу нөхөр маань ихэнх цагийг даргатайгаа хамт, бодвол саун, бааранд өнгөрөөдөг биз, гэртээ ч үзэгдэх нь ховордлоо. Мөнгө төгрөг ч өмнөхөөсөө бага өгч “Чи гэртээ байгаа юм чинь их мөнгөөр яахав. Харин би хүмүүсийн нүдэнд байна шүү дээ” гэж ам таглан өөртөө хувцас, үнэртэн авдаг болчихов. Нэгэн удаа шөнийн гурван цагт эмэгтэй хүний сүрчиг ханхлуулан хөл дээрээ тогтож ядан орж ирсэн. Нөхрөө алдаж ч болох аюул тулгарсан тул би түүнтэй ярилцаж, ажлаасаа гарахыг хүссэн юм. Гэтэл тэр “Үгүй чи чинь өөрөө л зөвшөөрсөн шүү дээ” гэдэг байгаа. Тиймээ би өөрөө өөртөө лай ланчиг хурааж, сайхан нөхрөө алдах дээрээ тулаад байна. Одоо тайван ч унтаж чадахаа байлаа. Урьдны амьдралаа эргүүлэн авахын төлөө юугаа ч өгөхөд бэлэн байна. Болохгүй бол даргад нь учраа хэлж нөхрөө татаж авахаас.