“Pro sounds”студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, поп дива дуучин Ж.Алтанцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ж.Алтанцэцэгийн нэрэмжит “Хайрын дууны наадам” сая Налайх дүүрэгт гурван өдөр боллоо. Та ямархуу сэтгэгдэлтэй байна даа?
-Маш сайхан, сэтгэл хангалуун байлгүй яахав. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан миний нэрэмжит хайрын дууны наадам зохион байгуулсанд их талархаж байна. Дүүргээс төрсөн алдартнууддаа урам зориг өгч, ийм ажил хийж байгаа нь авьяаслаг, бас хөдөлмөрч ах, эгч нар шигээ болохыг хүсч явдаг охид залууст маш том үлгэр дуурайлал болж байна гэсэн үг. Налайх дүүргээс сийлбэрч Баттогтох, сумогийн бөх Цэвэгням, аварга Батцэцэг, бөх Сүхбат зэрэг олон алдартан төрсөн шүү дээ.
-Энэ наадамд хэчнээн оролцогч өрсөлдсөн бол?
-Нийт 70-аад хүн оролцсон. Миний дуулсан хайрын дуунаас гадна өөр олон сайхан бүтээлийг тайзан дээр амьдрууллаа. “Антигона”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мандах нар” зэрэг хит дуунуудыг маань надаас дутахааргүй дуулж байна лээ. Сургуулийн хүүхдүүд хүртэл тун чадварлаг дуулсан. Миний бүр сэтгэл хөдлөөд хувиасаа шагнал гаргаж, баахан хүнийг урамшуулсан. Наадмын шалгаруулалт хоёр насны ангиллаар зохиогдож, гурван өдөр үргэлжилсэн ч би огт ядраагүй. Зохион байгуулалт, оролцогчдын ур чадвар үнэхээр сайн байсан учраас их баяртай байлаа. Ялагч тодорсны дараа бид нар баяраа тэмдэглэж ёстой бут авлаа.
-Ялагч нь хэн байв аа?
-Т.Очирбат гэдэг авьяаслаг хүү тодорсон. Б.Дашдондогийн “Nature sounds” дуулаачийн курст сурч байсан, бүр СУИС-ийг төгссөн юм билээ. Гран при шагналын эзэн маань 500 мянган төгрөг, цом, өргөмжлөл гардсан. Нэг, хоёр, гуравдугаар байрын эзэд 100-300 мянган төгрөг, цом, өргөмжлөлийн хамт авлаа. Мөн авьяаслаг оролцогчдод дүүргийн Засаг даргын нэрэмжит шагналыг өгсөн. Би ч гэсэн, өөрийнхөө нэрэмжит шагналын эздийг тодруулж амжсан шүү.
-Тун удахгүй таны тоглолт болох гэж байгаа дуулдсан. Хэдийд тэр вэ?
-Энэ сарын 9, 10, 11-нд гавьяат жүжигчин Д.Энхзултай хамт БНСУ руу явж, харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулсан тоглолт хийнэ. Мөн би Тува улсын хоёр хотод очиж тоглолт хийхээр төлөвлөж байна. Тус улсаас зохион байгуулсан наадамд оролцож, Гран при шагнал авсны 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд Тувагийн соёлын яамаас хүсэлт гаргасны дагуу би “Үндэсний театр”-т нь тоглолт хийх юм. Гуравдугаар сарын 16-нд Кызыл, 18-нд Афгани хотод тоглох хөтөлбөр гарчихсан байгаа. Үүний дараа буюу гуравдугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангомд “Ойрад” хөгжмийн театрт тоглолт хийнэ. Ингэж явсаар байгаад гэртээ 22-нд л ирэх болж байна даа.
-“Extacy” хамтлагийн дөрвөн ч гишүүнийг хассан. Үлдсэн гишүүд нь одоо юу хийж байгаа вэ?
-Клипний зураг авалтад орсон. Шинэ уран бүтээл нь гарахаар хэвлэлийнхэнд танилцуулна аа.
Р.МӨНГӨН