Нэр цуутай монгол бүсгүйчүүдийн нэг нь Самар гүнж юм. Хиад боржигин овогт Самар гүнжийн ээж нь Гөвгүдэй юм. Алтан ургийн үрсийг хамгаалах, ард түмнээ гэсэн сэтгэлтэй энэ гүнж үр хүүхдүүдээ хүмүүжүүлж, цэцэн мэргэн оюун ухаанаараа ялгаран алдаршсан, түүхнээ баларшгүй мөрөө үлдээсэн, олны зүрхнээ үүрд хадгалагдан үлдсэн хатан ажээ.
Эзэн хан нь үхэв
Эртний дөрвөн Ойрад
Эх сүүлээ алдав
Эртхэн дайлаар ирвэл
Эзэнгүй олон Ойрадыг
Эрхбиш дийлж чадна… гэж Элбэг хааны хатан Өлзийт гоо, хүү Ажай, Аругтай нарт Самар гүнж нэгэнтээ хэлэв. Хүү Богаму нь сонсоод:
Учирсан газар муу боловч
Өөрийн гэр болно
Уг төрхөм сайн боловч
Хүний газар болно
Ижий та тэгж хэлбэл
Эцэг тэнгэр үл таалах буй заа… хэмээсэнд Самар тайху үүнийг эс сонсон дээрх гурвыг Зүүн монголд нь буцаав. Өлзийт гоо хатнаас үүнийг сонссон Хасарын угсааны хорчин аймгийн Адай хаан гэгч 1410 онд Аругтайг тайш өргөмжлөн өөрийн биеэр арван түмэн цэрэг авч дөрвөн Ойрадыг дайлжээ. Хоёр талын цэрэг Зэлмэн ханы дэргэдэх Бор нохойн Зоо нэрт газар золгон байлдаад Адай хаан дийлж Батула чинсанг хороон хүү Богумаг нь олзлон авчээ. Ажай тайж: “Самар гүнж бидэнд тустай явдал хийснийг бодож хөвгүүдийг нь тавьж явуулбал зохино” гэжээ.харин Аригутай үүнийг үл зөвшөөрөн
Араатны зулзагыг
Тэжээж үл болно
Атаатны үрийг
Өрөвдөж үл болно… хэмээгээд эрт өдөр чиний эцэг Батул чинсан намайг араг дор хөмрөн “Аругтай” гэж доромжлон байсан, эргэх нар ээлжлэн эдүгээ өдөр би эцгийн өшөөг хөвүүнээс нь авах цаг болов гэж хэлээд хүү Богамыг тогоон дор хөмөрч гутаагаад боол болгон зарцалжээ. Үүний дараа Тогооны ээж Самар гүнж Адай хаантай уулзаж, “Амийг минь аварч хатан болгов чи. Хөвгүүнийг минь юунд зарцлав. Чи эх хөвүүн биднийг хоёуланг нь алж хая. Эсвэл насны дураар амьдруулах буюу” гэсэнд хаан зөвшөөрч, хүү эх хоёрыг хоёр түшмэлээрээ харгалзуулан Ойрадад хүргүүлсэн түүхтэй билээ. Ойрадын ноёдын чуулган энэ үед болж байлаа. Тогооноос Монголын ая зан, ахуй байдлыг асуужээ. Хариуд нь Тогоон ийн өгүүлэв.
“Аругтай тайш өтөлж
Аливаа үйлс нь
Ус мэт санагдах боллоо
Саадаг нь хулхивч
Санаа нь эс хувилж
Төр мэдэх сайдаа
Гадна суулгаж
Зэвийн морийг гэрт унанам
Өчүүхэн хүнээр төр явуулмуй
Үрээ морийг зэвлэнэм
Босуул хүнээр төр мэдүүлж
Борви хөхүүрт сархад хийнэм
Буургүй тэмээ
Бухгүй үхэр
Азаргагүй адуу мэт байна” гэжээ. Үүнийг сонссон Самар гүнж:
“Монгол Ойрадыг дайтуулах, доройтуулах гэж байна, үүний үгийг бүү сонс” хэмээн эв нэгдлийг эрхэмлэх санаагаа эхэлсэн авч тэр үгийг үл тоон Ойрадын ноёд дөрвөн түмэн цэрэг дайчлан Зүүн Монголд довтолсноор тэмцэл дахин дэгджээ. Самар гүнжийн Монголын нэгдлийн нэгэн үеийг бий болгосон Тогоо тайшийг төрүүлж өсгөснөөрөө гавьяатай хүн билээ. Ач хүү Эсэн нь эцгийн үйл хэргийг үргэлжлүүлсэн хэдий ч 1455 онд ноёд язгууртны бүлэглэлийн хуйвалдаанд амь үрэгдэв. Үүний дараа Монголын улс төрийн тархай бутархай байдал дахин хүчтэй өрнөжээ. Агваржин жононгийн хүү Харагцугийн гэргий Цэцэг хэмээх хатан буюу Эсэн тайшийн охин долоон сартай жирэмсэн Ойрадад ирж нэгэн хүү төрүүлэв. Тэр хүүг Боржигоны үр гэж дээдлэн Самар тайху өөрийнхөө ордонд авчран Баянмөнх гэдэг нэр хайрлан асран тэжээж өсгөв. Дараа нь Баянмөнхийг Зүүн Монгол дахь садан төрлийнх нь дэргэд хүргүүлжээ. Ингэж XV-XVI зууны алдарт Батмөнх даяны эцэг Баянмөнхийг төдийгүй Монголын алтан ургийн угсааг Самар гүнж аварсан түүхтэй. Ийм учраас Самар гүнж нь Монголын хойчийн эв нэгдэл, төр улсын хувь заяаны төлөө насан турш тэмцэж үлэмжийн гавьяа байгуулсан. Батмөнх, Баянмөнх, Мандухай зэрэг нэрт хүмүүсийг Монголын түүхийн тавцанд онцгой үүрэг гүйцэтгэх их хэргийн үүдийг нээж, өрхийг татсан хатан билээ.
Э.ХАШЧУЛУУ